Нутгийн бахархал

Архангай аймгийн 9 гайхамшиг

1. Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.

Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ.

Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 60-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана.

Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсан ирсэн магмын бүтээгдэхүүн юм. Чулуут голд Ихжаргалант гол, Хүрэмт гол, Туул гол, Ажирга гол, Хангал гол, Бумбат гол, Өлзийт гол, Мөрөн гол, Уужим гол, Даага гол, Ацат гол, Тээл гол, Суман гол зэрэг олон гол горхи цутгана. Чулуут голын савд хойд өргөрөгийн 47°49′, зүүн уртрагийн 100°15′-ын солбицолд гидрокарбонат сульфат натрийн найрлагатай, үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаах чанартай халуун, бүлээн рашаан оршдог. Энэ голын савд Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хадны зургийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.

2. Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын тєвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхvv vзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.

Одоогоос 9 мянга орчим жилийн ємнє дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зvйн эрдэмтэд тогтоожээ. Өєрєєр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сvvлд унтарсан галт уул тєдийгvй жаахан хэтрүүлбэл уур нь савсаж байгаа “шинэхэн” уул.

Хорго уул нь далайн тєвшнєєс дээш 2240 метрийн єндєр бєгєєд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хєндийгєєр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр єргєн хєндийгєєр урссан магма нь 40-50 метр зузаан хvрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг.

Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гvнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хvрмэн чулуу ундуй сундуй хєглєрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зєвхєн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зvvн гар талд Тариат сумын тєвєєс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой vзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хєєс царцан хагарч 170 орчим сантиметр єндєртэй хvрмэн чулуун гэрийн “тооно”, “vvд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгvй.

Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хvрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хvрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон гэдэг.

3. Тэрхийн Цагаан нуур нь Хорго уулаас баруун тийшээ далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт оршино. Тэрхийн цагаан нуур нь 16 километр урт, 6 километр өргөн, 61 ам километр талбайтай 20 метр гvн цэнгэг устай урсгал нуур. Хорго уул дэлбэрэхэд оргилон гарсан халуун хайлмал бодис нь Тэрхийн голын хөндийгөөр дvvрч, тэр голын урсгалыг хаахад Тэрхийн цагаан нуур vvсчээ. Өөрөөр хэлбэл энэ нуур 9 мянган орчим жилийн настай ажээ. Дотроо хэд хэдэн аралтай нуурын толгой гэдэг арал дээр нь зундаа гогой гэдэг шувуу vvрээ засан өндөглөдөг. Нуурын хойгуур хvрээлэн орших Тарвагатайн нуруунаас эх авсан Нарийн гэх зэрэг гол горхи энд цутгадаг. Мєн гутар, зэвэг, хадран зэрэг олон зvйл загастай. Харин сүүлд Хорго-Тэрхийн цагаан нуурын 773 ам километр талбайг улсын хамгаалалтад авчээ.

4. Суврага хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтах уул юм.

Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.

Суврага хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, Хангайн нурууны усны гол хагалбар газар юм.

Суврага хайрхан уулнаас салбарласан өвөр талдаа Боржин хад, Байц цохио, Нүцгэн орой, хүнх, хуниас бүхий Солбидог, Жимгэр, Хошгот, Тонгорогийн их, Бор, Цагаан өргөө зэрэг олон сүрлэг нугууд салбарладаг бөгөөд эдгээр уулсаас Тонгоргийн гол, Хошготын гол, Жимгэрийн гол, Хөрвөөлгийн гол, Өлзий Тээлийн гол зэрэг түргэн урсгалтай, үхэр чулуутай бэсрэгхэн голууд гол төлөв их ганга, анаг хавцал дундуур боргио үүсгэн урсч Орхон голын эх сав газрыг бүрдүүлдэг ба Улаан цутгалан хэмээх хүрхрээг үүсгэн Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймгийн олон ард иргэдийг ундаалж, амьдрах усны эх болдог байна.

Мөн баруун талдаа Манхан, Ямбилэг, Чирэнгэт, Нөрөөт, Бугат, Согоот, Баян өндөр, Үйзэн бүрхээр, Хашаат, Шарт, Намшир, Буурал цагаан дунгол, Чил, Байшинт, Хонгор хана, Шар булуу, Шар тээг гээд олон сайхан сүрлэг уулс урт нуруунууд залган салбарладаг юм.

Эдгээр уулсаас Ширдэгийн гол, Шартын гол, Нарийн хамрын гол, Ямбилэгийн гол, Гялааны гол, Цагаан сүм, Могойн гол зэрэг голууд эх аван урсч Цэцэрлэг, Цэнхэрийн голуудыг бүрдүүлэн Архангай, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, сумын зон олныг ундаалдаг голын эх болж Тамирын голтой нийлж Орхон голд цутгадаг юм.

Суврага хайрхан уулын салбар зүүн талд нь орших Жаран цөнхлөг уулын оройд Чингис хааны түмэн цэргийн овоо байдаг бөгөөд Чингэс хааны их цэрэг баруун зүгт дайтаар мордож явахдаа Суврага хайрхан уулыг биширч, босгосон домогтой билээ.

Суврага хайрхан ууланд гарч мөргөсөн эр хүний 3 жилийн хийморь сэргэж, элдэв гай барцад тохиолдохгүй сайн сайхан амьдардаг гэсэн сүсэг бишрэлийг олон хүн даган мөрдөж, Архангай аймгийн Булган, Цэнхэр, Ихтамир, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Хашаат, Түвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэд цагаан идээний дээжээ өргөн жил бүр 7 сарын 15-наас 8 сарын 25-ны хооронд сар гаруй хугацаанд өдөрт 40-60 морьтой хүн тасралтгүй гарч мөргөдөг билээ.

2007 онд ерөнхийлөгчийн зарлигаар Суварга хайрхан уулыг төрийн тахилгат уул болгосон юм.

5. Тамир гол нь Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².

Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Тамирын хөндий нь их өргөснө. Голдрилын өргөн нь 40 – 70 м, гүн нь 2-3 м, урсгалын хурд нь 2 м/с хүрнэ. Тамирын голын савд төмрийн хүдрийн баялаг орд бий. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог.

6. Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын дэргэд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг нь харгалзан 1965 онд 1.8 мян. га талбай бүхий газрыг хамгаалалтад авсан байна. Булган уул нь Хангайн муж, түүний ландшафтын нийтлэг төрхийг төлөөлж чадахгүй учраас байгалиин үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлс байдгийг нь харгалзан УИХ-ын 1995 оньг 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгосон. Нийтдээ 1840 га талбайтай.

Дурсгалт газрын дундуур зүүн хойш чиглэсэн гол их нуруу хоёр Тамирын усны хагалбар болох бөгөөд энд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзах, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруу, зүүн өмнө орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт (1940м) боржин хадат уул, Малгай (2143 м) зэрэг өндөр уултай. Булган уулын зүүн хормойд орших Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий.

Булган уул ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг тул тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургана. Энд гүзээлзгэнэ, хад тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамал ургана. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гонид зэрэг хүнсэнд хэрэглэгддэг ургамалтай. Булган ууланд Хангайн бусад нутгийн нэгэн адил хар мод, хуш зэрэг шилмүүст мод хус улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модтой. Булган уул хүн ам олонтой. Үймээн шуугиан ихтэй хотын яг дэргэд, нэн ойрхон орших учир ан амьтан дүрвэн зайлдаг. Буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен, солонго, үнэг, чоно, чандага, туулай, агнуурын шувуунаас хур, сойр, ятуу, хөтүүг, жигүүртнээс харцага, бүргэд, ууль, шар шувуу, алаг шаазгай, хон хэрээ, тагтаа зэрэг ан амьтан жигүүртэн шувуудтай.

7. Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.

Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж(хар эрэг)-тэй, харалдаа ард нь тайхар чулууруу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай(улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг.

Эрт цагт аварга могой газраас цухуйн хамаг амьтныг залгин гамшиг тарьж байх үед Бөхбилэг гэдэг хүчтэн Булган уулаас Тайхар чулууг авч үүрч Цагаан даваагаар давж тэр уулын оройгоос Могойн толгой руу шидэн даржээ. Ингээд энэ чулууг эхлээд Тархи чулуу гэж нэрлэдэг байсан нь хожим хувирч Тайхар чулуу гэх болжээ. Бөхбилэг уг чулууг үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд хэсэг амарсан гэнэ. Тэгтэл чулуу тавьсан газар нь цөмөрч ус олгойдон гарсан гэдэг. Ингэж шивэртийн халуун Рашаан үүссэн домогтой. Мөн могойн сүүл цухуйсан газрыг Шивэрт гэж нэрлэжээ.

8. Хар балгас Төв азийн нүүдэлч ард түмний дунд МЭ VIII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду балык буюу нутгийнхны нэршлээр Хар балгас гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд байдаг.

Уйгурын Яглакар овгийн Ноён Пэйло 744 онд биеэ Күтүлүг Билгэ Күл хаан (744-747) хэмээн өргөмжилж хаан ширээнд суусан байна. Түний удирдсан хүч 745 онд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн бут цохиж Уйгур улсыг байгуулав. Тэрээр 751 онд Орхоны хөндийд Орду Балык буюу Балыклик (Хар балгас) хэмээх хот цогцлон байгуулж улсын нийслэл болгожээ. Энэхүү хот нь Хөх Түрэгийн хаант улсын нийслэл хотын туурин дээр байгуулагдсан гэж үздэг.

Уйгур улсын нийслэл Хар балгас хотын ор үлдэц нь 32 км2 талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Хааны орд нь тусгайлж барьсан цайзат хэрэмтэй, хойт, урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзны ханыг тойруулан олон цонж, цамхаг барьсан байжээ.

Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээр ихийн /0,6х0,6 км/ дээр нэлээд нурсан боловч одоо арваад метр өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз /хараат/ 14 м байна. Хэрмийн дээгүүр 14 цонж цамхагийн оромтой ба гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ. Цайзат хэрмэнд Уйгурын хааны орд харш байсан нь малтлагын олдвороос мэдэгддэг. 

9. Билгэ хааны цогцолбор Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ.

Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. Түүний дүү Культегин нь ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин байгаад 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Культегин ах Билгэг хаан ширээнд суухад тууштай дэмжиж түүний төлөө хүчин зүтгэсэн түүхтэй. Билгэ хаан дүүгийнхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны 8 дугаар сарын 1-нд босгуулжээ. Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн, хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 см хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд мэлхий чулуун суурийн хамт өндөр нь 383 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см юм. Хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс, гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг сийлжээ.

Билгэ хааны онгон цогцолбор нь Культегин жанжны дурсгалаас урагш 1 км орчим зайд байдаг. Билгэ хаан 734 оны 11 дүгээр сарын 23-нд насан эцэслэжээ. 735 оны 7 дугаар сарын 22-нд тахилын сүм хийгээд гэрэлт хөшөөг нь босгож, бичээсийг Культегины ач хүү Ёлуг Тегин 34 хоног сууж сийлсэн байна. Хөшөө нь 345 см өндөр, 174 см өргөн, 75 см зузаан болно.

Билгэ хаан болон Культегины эдгээр цогцолбороос шавар сав, төмрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур зэрэг 2000 орчим эд өлгийн зүйл олджээ. Вааран дээврийн хагархай дээр нүүдэлчид морин давхиан дунд харвалдаж буй дүрс байсан нь судалгааны чухал дурсгал болдог. Чулуун хашлага бүхий дөрвөлжин булшны ор олдсоныг судлаачид жинхэнэ булш биш харин эзний оршуулгыг бэлгэдэн хийсэн зан үйлийн шинжтэй гэж дүгнэжээ. Хүн хөшөөд нь тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, хувцас хэрэглэл, гоёл чимгийг бодитойгоор илэрхийлжээ. Хөшөө цайдмын эдгээр дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна. Монгол улс 20.8 км.кв талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авчээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн