Түүхэн товчоо


Сайн ноён хан аймаг (1725-1911) Халхын сайн ноён хан аймаг 1725 онд байгуулагджээ.

Халхын сайн ноён хан аймгийн дээд өвөг болох Хөндлөн Сайн ноён Хан бол Чингис хааны удам, Батмөнх Даян сэцэн хааны аравдугаар хүү Гэрсэнз Жалайр хун тайжийн гуравдугаар хүү, Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хүү юм. Тэрээр IX жарны шар морин жил буюу 1558 онд төрсөн бөгөөд ах Автай Сайн ханы хамтаар Халхад Шарын шашныг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж байв.

1616 онд Хөндлөн ноён Лхаст очиж мөргөл үйлдсэн бөгөөд тийн ахуйдаа IV Далай лам Ёндонжамцын хойтын буянд зориулж түмэн лан мөнгө хандивлаж, Лхас, Дашлхүмбийн олон дацанд манз чанаж, зэд барьжээ. IV Банчин богд Лувсанчойжижалцангаас (1570-1662) Түмэнхэн Хөндлөн ноёныг ихэд сайшааж “Түмэнхэн Хөндлөн Сайн ноён Номун” эзэн цол хүртээжээ.Үүнээс хойш “Хөндлөн Сайн ноён хан” гэж нэрлэгдэх болсон бөгөөд тэрээр 1640 онд нас барсан аж.

1725 оны байдлаар Халхын Сайн ноён хан аймгийн нутаг умар зүг Чулуут голоос өмнө зүг Цэцэрлэг гол, дорно зүг Бор бургас, Олон нуураас өмнө зүг Халзан согоот, Хөл саяын даваа хүрч байв.1761 онд Өөлдийн хоёр хошууг Сайн ноён аймагт шилжүүлэн захируулж энэ үеэр аймгийн нутгийн хилийг умраас өмнө зүг Говь Гурван сайхан уул хүртэл, дорноос өрнө зүг Сэгс цагаан богд хүртэл өргөтгөж, анх байсан 19 засаг хошууг 24 болгосон ажээ. Сайн ноёны аймгийн чуулган Аймгийн чуулганыг Манжийн эзэн хааны зарлигаар 1728 онд бий болгожээ.

Аймгийн чуулган тэр аймгийн дээд эрхийг барих газар байсан бөгөөд тэр үед чуулганы хуралдааныг ‘’чуулган чуулах’’ буюу чуулган нийлэх гэж нэрлэж байсан байна.Манжийн хуулинд зааснаар аймгийн чуулганыг 3 жилд нэг удаа чуулж байсан боловч зарим дайн дажинтай үед тасалдах явдал ч тохиолдож байжээ. Аймгийн чуулганд чуулган дарга, жанжин, хошууны засаг ноёд,тэднийг дагалдсан түшмэд, бичээч нар оролцдог байв.Аймгийн чуулганы өдөр тутмын ажлыг засаг ноёд, дагуул түшмэл, бичээч нарын хамт 3 сараар жасаалан суух журмаар гүйцэтгэж байсан бөгөөд галч , зарлага, дахар хуяг зэрэг байнгын ажилчид үйлчилж байсан юм. Аймгийн чуулганы газрыг Чуулган даа буюу Да жасаа гэж нэрлэж түүний өргөө , Да жасааны аль хошууны засаг ноён сууж байна тэр хошууны нутагт гол төлөв шилжин нүүдэллэж байлаа. Сайн ноёны аймаг Улиастай дахь Хязгаар дахиныг тогтоох зүүн этгээд, туслагч жанжинд шууд захирагдан аймгийнхаа суурин жасааг Улиастай хотод суулгаж байв.Улиастай дахь аймгийн суурин жасаанд засаг ноён 1, түшмэл 2,бичээч 2, хөтөл, мэдээч 4 нийт 9 хүн нэг ээлжинд жасаалан сууж, манжийн төрийн цэрэг харуул, өртөөний албыг залгуулах, эзний үржил сүрэг, мал хариулах, тарианы газар ажиллах өрх, өрийг харьяа засаг хошуудаас нь шаардаж гаргуулах, бусад татвар төлөөсийг хуваарилан нийлүүлэх албыг аймагт зарлан гаргуулж хятадын худалдааны пүүсээс зээл хүүтэй мөнгө авч уг албыг залгуулах ажил хариуцдаг байсан юм.

Сайн ноёны аймгийн 3 жасааны албанд нэг ээлжинд 72 хүн сууж байсан бөгөөд тэдний зөвхөн нэг сарын хүнсний хэрэгцээнд 167 хонь, аймгийн хошууд гаргаж байсан юм. БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН САЙН НОЁН ХАНЫ АЙМАГ (1911-1921) Халхын Сайн ноёны аймаг нь Богд хаант Монгол улсын Сайн ноён хан аймаг болон өөрчлөгдөж Сайн ноён хан Намнансүрэн, Богд хаант Монгол улсын ерөнхий сайдаар томилогдож, Далай Чойнхор ван Цэрэнсодном Дотоод яамны дэд сайдаар томилогдов. Богд хаант Монгол улын Сайн ноён хан аймаг нь нутаг дэвсгэр, хүн ам, хошуу шавийн тоо, хөрөнгө малын хэмжээгээр улсад дээгүүр байр эзэлдэг томоохон аймгийн нэг байв.1918 оны байдлаар Сайн ноён хан аймаг 30619 өрхтэй,133748 хүн амтай байлаа.Бүх хүн амын 54,8 хувь нь эрэгтэйчүүд, 45,2 хувь нь эмэгтэйчүүд нийгмийн анги давхаргын хувьд нийт хүн амын 5,7 хувь тайж нар, 16,8 хувь хамжлага албат, 28,1 хувь нь сум албат, бүх эрэгтэйчүүдийн 39,2 хувь нь лам нар байв.Засаг захиргааны үндсэн нэгжүүд нь засаг хошуу 22, шавь 8, хязгаар газар 1 гэсэн 31 нэгэн нэгжээр бүрдэж байжээ.Эдгээр шавийг 6-13 удаа хэргэм зэрэг залгамжилсан засаг, гүн, бэйл,бэйс,вангийн зэрэг бүхий хар ноёд тамгатай хутагт захирагч байсан юм.Хэрэв тайж хамжлагуудыг тоогоор илэрхийлвэл аймгийн бүх тайж нар 4174, хамжлагын албат 12347, сумын албат 20736 хүн байжээ.

ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ҮЕИЙН САЙН НОЁН ХАН АЙМАГ (1921-1923)

Орон нутгийн захиргааг шинээр байгуулсан нь Ардын засгийн газар 1922 онд Сайн ноён ханы аймагт хошууны засаг даргыг бий болгон ноёдын эрх хэмжээг хязгаарлах, аймгийн чуулган жасааг нутгийн төвд шилжүүлж суурьшуулах ажлыг эхний ээлжэнд хийлгэв.1922 оны 5 дугаар сарын 7-нд аймгийн чуулган даргын албан хэргийг чуулганы дарга Дүгэржав, дэд дарга Лувсанбалдан нарт хүлээлгэн өгч гүйцээв.Ингээд тус аймгийн чуулган, да жасааны өргөөг Цогтоо гүн Дашдоржийн хошууны нутаг (одоо Баянхонгор аймаг Бөмбөгөр сум) “Дааган дэл” гэдэг газраас нүүлгэн Заяын хүрээний газар шилжүүлэн суурьшуулсан юм. Ийнхүү Заяын хүрээ (одоо Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум) аймаг орны засаг захиргааны төв газар болов.1922 оны 9 дүгээр сард хошуу тамгын газруудын тамгыг хураан авах ажил эхлэн, 10 дугаар сараас шинээр аймаг байгуулах ажил хийгджээ.

ЦЭЦЭРЛЭГ МАНДАЛ УУЛЫН АЙМАГ (1923-1931)

Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулагдсан нь 1923 оны 1 дүгээр сарын 13-нд Засгийн газрын 58 дугаар тогтоолоор аймгийн суурин жасаадыг татан буулгаж мөн оны 6дугаар сарын 22 дугаар хурлаар аймгийн чуулганы дэргэдэх жанжин жасаадыг дагалдах аппаратынх нь хамтаар татан буулгасан юм.Ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний хурлын 39 дүгээр тогтоолоор аймгуудын нэрийг өөрчлөн Сайн ноён ханы аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг болгон өөрчилжээ.1923-1924 онд хийсэн засаг захиргааны шинэ хуваариар Цэцэрлэг мандал аймаг нь 10 гэр 3610, баг 722, сум 250, хошуу 26-тайгаар байгуулагдсан байна.

АРХАНГАЙ АЙМАГ (1931-1990)

Аймгийн нэрийг өөрчилсөн нь БНМАУ-ын Бага хурлын 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор 5 аймгийг 13 аймаг болгожээ. Ингэснээр 1930 оны эцсээр 71 сум, 16 хошуутай байсан Цэцэрлэг мандал аймаг 35 сумтай Архангай аймаг болон зохион байгуулагдав.1931 онд Архангай аймаг нь Наран, Их уул, Тосонцэнгэл, Цахир сумын нутгаар Завхан аймагтай, Их жаргалант, Баянзүрх, Чандмана, Шинэ идэр сумын нутгаар Хөвсгөл аймагтай, Могод, Гурванбулаг, Төв аймагтай, Бүрд, Шанх, Бат-Өлзий сумын нутгаар Өвөрхангай аймагтай хил залгаж байв.1931 оны 12 дугаар сарын тоо бүртгэлийн мэдээгээр үзэхэд Архангай аймаг 35 сум, 22285 өрх, 65333 хүн амтай, 1800000 малтай.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн