Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлэх журмын төсөлд иргэдийн саналыг авч байна.

Arkhangai.gov.mn

 

 

 

 

                                                                                                                                        ТӨСӨЛ

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ИРГЭН, ХУУЛИЙН

ЭТГЭЭДЭД ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ ЖУРАМ

 

          1. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө (цаашид “эд хөрөнгө” гэх)-ийг иргэн, хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлэхтэй холбогдон гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцож, тайлагнахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

          2. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр иргэн, хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлж болно.

          3. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг гэрээгээр эзэмшүүлэхдээ эд хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зарчим баримтлан энэ талаарх эрх, үүргийг гэрээнд тусгана.

          4. Орон нутгийн өмчит хуулийн этгээдээс эд хөрөнгийг эзэмшүүлэх саналаа Орон нутгийн өмчийн газарт ирүүлнэ.

          5. Орон нутгийн өмчийн газар ирүүлсэн саналыг хянан үзээд аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох зөвшөөрлийг олгох бөгөөд зөвшөөрөл олгохдоо тухайн эд хөрөнгийг эзэмшүүлэх төлбөрийн хэмжээг тогтоож өгнө.

          6. Эд хөрөнгийг гэрээгээр эзэмшүүлэхдээ эзэмшигч этгээдийг сонгон шалгаруулалтын журмаар ил топд, нээлттэй байдлаар сонгоно. Сонгон шалгаруулалтыг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс тухай бүр зохион байгуулж, эзэмшигчийг сонгоно.

          7. Эд хөрөнгийг эзэмшүүлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд 1 м2 талбайн төлбөр сарын 1000 төгрөг, орон сууцны хувьд 1 м2 талбайн үнэ сарын 800 төгрөг, бусад эд хөрөнгийн хувьд тухайн хөрөнгийн үнэ, хөрөнгийн чанар байдлаас шалтгаалан тухай бүр тогтооно.

          8. Тухайн хөрөнгө орлого олохгүй, түүнчлэн тодорхой үйл ажиллагааг дэмжиж бэлтгэсэн хөрөнгийг гэрээгээр эзэмшүүлэхдээ төлбөргүй эзэмшүүлж болно.  Төлбөргүй эзэмшүүлэх хөрөнгийн талаарх холбогдох санал, дүгнэлтийг Орон нутгийн өмчийн газар гаргах бөгөөд энэ талаар Засаг даргын захирамжид тусгана.

          8.1 Улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хүрээнд ажлын байр бий болгох, өрхийн орлого нэмэгдүүлэх зорилгоор  бэлтгэсэн 20.0 сая.төг хүртэлх үнийн дүнтэй хөрөнгийг 5 хүртэлх жилийн хугацаатай, төлбөр авахгүйгээр тогтвортой ажиллуулахаар гэрээ байгуулан, гэрээний хугацаа дууссаны дараа тухайн эзэмшиж байсан иргэнд хүлээлгэн өгөхөөр эзэмшүүлж болно.

          8.2 Инженерийн хийцтэй гүн өрмийн худаг, нийтийн эзэмшлийн байгууламж, зам талбайг эзэмшүүлэхдээ төлбөр авахгүйгээр  хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллуулахаар гэрээ байгуулан иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй эзэмшүүлж болно. 

          8.3  20.0 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй, үйл ажиллагааны үр дүнд орлого бий болгодог үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн хувьд (хүлэмж, зоорь, агуулах, халаалтын зуух, машин механизм, техник хэрэгсэл, тоног төхөрөөмж гэх мэт) тухайн хөрөнгийн чанар байдал, тооцоо судалгааг үндэслэн төлбөрийг тогтооно.

          9. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь эд хөрөнгийг эзэмшүүлэхдээ дараах  баримт бичгийг Орон нутгийн өмчийн газарт ирүүлнэ.

     а/ Хөрөнгө эзэмшүүлэх санал

б/ Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт

в/ Тухайн хөрөнгийн чанар байдлын талаарх мэдээлэл

г/ Эдийн засгийн тооцоо үндэслэл

д/ Эзэмшүүлэх үнийн санал

е/ Бусад шаардлагатай материал

9.1 Үл хөдлөх хөрөнгийн хувьд энэ журмын 9-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ.

     9.1.1 Эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх болон ашиглуулах гэрээ, барилга техникийн төлөв байдлын талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ашиглалт,  их болон урсгал засвар, эд хөрөнгийн хариуцлагын  (зээл, өрийн барьцаа, эрх бүхий байгууллагын шийдвэр) талаархи мэдээлэл, барилгын паспорт, кадастрын зураг, орчны тойм зураг, байгууллагын план болон гадна, дотор талын өнгө фото зураг, инженерийн сүлжээ техникийн зураг, бичиг баримт

     9.2 Тээврийн хэрэгслийн хувьд энэ журмын 9-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ.

     9.2.1 Тээврийн  хэрэгслийн гэрчилгээ болон бусад техникийн баримт

                                         бичгийн хуулбар, техникийн үзүүлэлт, өнгөт фото зураг

     9.2.2 Балансын үнэ (анхны болон үлдэгдэл үнэ, ашиглалтын үеийн элэгдэл)

     9.3 Механизм, тоног төхөөрөмжийн хувьд энэ журмын 9-д заагдсанаас гадна механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын паспортын хуулбар

     10. Орон нутгийн өмчийн газар болон  өмчит хуулийн этгээдийн дарга /захирал/ нь энэ журмын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

     11. Энэ журам батлагдахаас өмнө гэрээгээр эзэмшүүлж байгаа 20 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй хөрөнгийн тухайд гэрээний нөхцлийг 8.1-д нийцүүлэх бөгөөд бусад эд хөрөнгийн хувьд гэрээний үүргийн биелэлт, үр дүнг харгалзан үзэж гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. 

 

*   *   *   *   *