“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2022” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Arkhangai.gov.mn

“Үндэсний бичиг үсгийн баяр-2022”-ыг “Үндэсний бичиг үсэг - Монгол соёлын үнэт өв” уриа дор зохион байгуулж нээлтийн арга хэмжээг аймгийн Нийтийн номын сангийн гадна талбайд нээн эхлүүллээ.

Арга хэмжээний нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Амартүвшин, аймгийн Соёл урлагийн газрын дарга П.Уранцэцэг, Нийтийн номын сангийн захирал О.Мөнхтуяа, Музейн захирал Т.Мөнхбүрэн, ахмад багш М.Нацаг-Юм, П.Очирпүрэв болон ЕБС-ийн багш, сурагчид, үсэг бичгээ эрхэмлэн дээдлэгч иргэдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон зарлиг гаргасан. Архангай аймгийн ЗДТГ, Нийтийн номын сан жил бүр уламжлал болгон үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэх зэргээр өргөн олонд хүртээлтэй ажил өрнүүлэн ажиллаж байна.

“Үндэсний бичиг үсгийн баяр-2022” арга хэмжээнд

1. Түргэн уншлага

2. Зөв сайхан бичигтэн

3. Уран бичлэг

Нүүдэлчдийн бичиг үсгийн соёл / аймгийн Музейд үзэсгэлэн / зэрэг ажлууд зохион байгуулагдаж байна.