АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЖ, ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

Arkhangai.gov.mn

Засгийн газрын тогтоолоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах хугацааг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал сунгав.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд коронавируст халдварын “Улбар шар” түвшинд жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим, найр, цайллага, хүлээн авалт бүх төрлийн баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим, автомат тоглоомын газар, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай, спорт заал, бүх төрлийн бүжгийн клубын үйл ажиллагааг хязгаарлав.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, хүнс барааны зах, худалдааны төв, сургалтын төв, алжаал тайлах, чийрэгжүүлэх төв, зочид буудал, амралт жуулчны газрууд халдвар хамгааллын тусгай нөхцөл шаардлага хангасан үед хариуцлагын гэрээ байгуулж ажиллуулахыг Шуурхай штабын дарга, Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), сумдын Засаг дарга нарт даалгав.

Коронавирус /Ковид-19/ халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн хичээлийг 2021 оны 09-р сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд цахим хэлбэрээр явуулах, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан түр журмыг хэрэгжүүлж ажиллахыг Боловсролын газар /З.Мөнхтогтох/, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Коронавирусын халдварын батлагдсан тохиолдлыг эмчлэх тусгай эмнэлгийг Сувд сувилал, Хасу манал эмнэлэг, Зүүхэн эмнэлгийн байранд байгуулахыг Эрүүл мэндийн газрын дарга (Р.Гандиймаа)-д үүрэг болгов.

Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг ОБГ, Цагдаагийн газар, ЭМГ, МХГ-ын дарга нар болон байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (В.Мөнхбат)-д даалгалаа.