ЗАСАГ ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ МАЛЫН ХУЛГАЙ БОЛОН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Arkhangai.gov.mn

Мал хулгайлах гэмт хэрэг болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд уулзалт зохион байгууллаа. Мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг багасгахад авах арга хэмжээний тухай уулзалтаар хэлэлцэж, холбогдох ажилтнуудтай санал солилцов. Тухайлбал мал, мах тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг цахимжуулах, Тарнын гүүрнээс Цахир сум хүртэлх авто замыг бүрэн камержуулах зэрэг санал гаргав. Мөн малын гарал үүслийн бичгийг танил талаар, зөвшөөрөлгүй олгодог байдалд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Улмаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралтын бүртгэлд модны хулгайн гэмт хэрэг нэн тэргүүнд бичигдэж байгаа тухай хурлаар хэлэлцэв.
Хурлаар, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Дэд зөвлөл байгуулан, аймгийн ИТХ-д танилцуулахаар шийдвэрлэлээ. Дэд зөвлөл байгуулснаар чиглэл чиглэлээр салбарлан ажлын хэсэг байгуулан ажиллах давуу талтай. Иймээс шаардагдах хөрөнгө санхүүгийн асуудлыг Засаг даргын нөөц сан зэргээс бүрэн шийдвэрлэн хамтран ажиллана хэмээн Засаг дарга Д.Золжаргал уулзалтын үеэр хэллээ.
Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралтаар тэргүүлдэг аймгуудад
Архангай аймаг бүртгэгддэг тул малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллана гэв.