ДУРАНГИЙН ХАГАЛГААГ СУМАНД АНХ УДАА ХИЙЛЭЭ.

Arkhangai.gov.mn

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дурангийн мэс заслын эмч нарын баг Тариат суманд хоёр өдөр ажиллалаа.
Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч, клиникийн профессор А.Баттулга, ерөнхий мэс засалч, бөөр шээсний замын мэс заслын эмч Э.Балжинням, ерөнхий мэс засалч, бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч А.Ганхуяг, Мэдээгүйжүүлгийн эмч Н.Ганбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Дүнжиймаа, хагалгааны сувилагч С.Одонтунгалаг нар болон Сум дундын эмнэлгийн эмч сувилагч нар 10 хүнд хагалгаа хийв.
Тодруулбал, цөсний хүүдий авах 4, эвэрхий оёх 2, архаг мухар олгой 1, өндгөвчний уйланхай авах 1, ясны хадаас авах 1, шамбарам 1 хагалгааг хийжээ.
Тариат суманд Японы Хүүхдийг Ивээх сангийн "Денан" төслөөс 2020 онд 23,0 сая төгрөгийн өртөгтэй орчин үеийн унтуулгын аппаратыг өгсөн юм. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар дурангийн мэс заслыг хөдөө суманд анх удаа хийгээд байна.
Энэхүү хагалгаанууд нь сумын эмнэлэгт мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээг чанаржуулах, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгыг мөн агуулжээ.
Эх сурвалж: Архангайн амьдрал сонин