Томуугийн дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай танилцав

50108046_1146399328861296_5507829059247144960_o Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл нийт сумдын 58 хувьд, амбулаторийн үзлэгийн 15 хувиас дээш гарч, өвчлөгсдийн 73,6 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Улсын хэмжээнд томуугийн дэгдэлттэй эхний 5 аймгийн нэг болжээ.

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж нар Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаар орж, нөхцөл байдалтай нь танилцлаа.

Хүүхдийн тасаг 33 ортой боловч томуугийн дэгдэлт их байгаагаас нэмж 41 орыг дэлгэж, 74 ортойгоор хүүхдүүдийг авч байна. Өвчлөгсдийн нягтралыг сийрүүлэхийн тулд Уламжлалын тасагт 4 палат гаргаж, 15 орыг шилжүүлжээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 9 хүүхдийн эмч ээлжээр, өөр тасгаас 4 сувилагч нэмж нийт 6 сувилагч уртасгасан цагаар ажиллаж байгаа ажээ. Ямартай ч эмч хүний нөөц, тоног төхөөрөмжийн хувьд хангалттай ажиллаж байгаа гэж байна. Томуугийн дэгдэлт ихэсч, ачаалал их байгаа учраас хүүхдийн эмч нарыг 11.00-22.00 цагийн хооронд нэмэлтээр дуудлаганд явуулж байна. Мөн ӨЭМТ-ийн эмч нарыг ойрын дуудлаганд 19.00-22.00 цагийн хооронд явуулж байгаа ажээ. Хүүхдийн тасагт агааржуулалт нь ажиллахгүй, хана, таазнаас мөөгөнцөрдсөн зэрэг хүндрэлтэй асуудал байгааг эмч нар нь хэлж байлаа.