“Baby Yak” Норвеги улс руу гардаг боллоо

46771344_1972560919492665_4304032090766180352_n Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг болох “Baby Yak” сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүдээс эхний ээлжинд хүзүүний ороолт, хүүхдийн өлгий хоёрыг Норвеги улс руу экспортод гаргахаар болжээ. Франц, Испани, Япон, Белги зэрэг улсруу “Baby Yak” бүтээгдэхүүний цөөн төрөл болон хөөвөр, ээрмэл утас зэрэг нь ихэвчлэн гардаг байна. “Baby Yak” брэндийн бүтээгдэхүүнийг Архангай аймгийн“Ар арвижин дэлгэрэх” хоршооны цехд 2016 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй үйлдвэрлэсээр байна.  Одоогийн байдлаар малгай, ороолт, бээлий, цамц, өмд, юпка, өлгий, оймс гэх зэрэг 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нь олон хүнд танигджээ. Зах зээлийн үнийн хувьд ч боломжийн бөгөөд “Baby Yak”-ын цамц л гэхэд төрлөөсөө хамааран 100,000-160,000 төгрөг, малгай 45,000-55,000 төгрөг, өмд нь 40,000-90,000 төгрөг, ороолт 30,000-40,000 төгрөгөөр, оймс, бээлий 5000-20,000 төгрөгийн хооронд байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хоршооны гишүүн малчдын бага насны сарлагийн хөөврийг зах зээлийн үнээр худалдан авч, боловсруулалтад оруулан нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж байна. “Ар арвижин дэлгэрэх” хоршоо нь 2010 оноос хойш Франц Улсын “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ба тус байгууллагаас “Baby Yak” бүтээгдэхүүний гадаад зах зээл болон хоршооны байр, цехийн тоног төхөөрөмж зэрэгт дэмжлэг үзүүлсэн байна.