Булган суманд байгаль хамгаалах төсөл хэрэгжинэ

  43123219_1081051852062711_4992935529260515328_o Англи Улсын Засгийн газрын санхүүжилтээр Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь “Ой хээрийн эко систем болон ховордож буй амьтдыг нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах нь” төслийг Архангай аймгийн Булган сумын Хойд могойн гол-Тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нийт 137,000 га талбай газарт хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжих 137,000 га талбайд нийт 400 гаруй өрх байгаа бөгөөд тэдгээр өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил хийхээс гадна бэлчээрийн болон ойн менежментийг хэрэгжүүлж, биологийн олон янз байдлын судалгаа, хамгааллын ажил хийх аж. Төслийн хэмжээнд дээрх бүс нутгийн үнэт зүйл нь Монгол тарвага, баданга хүдэр, эдлэг шонхор, хээрийн бүргэд зэрэг байгальд ач холбогдолтой амьтдыг хамгаалах, судлах юм. Ингэснээр байгалийн экологийн тэнцвэртэй байдал хадгалагдана гэж үзэж байгаа юм. “Ой хээрийн эко систем болон ховордож буй амьтдыг нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах нь” төсөл 2018-2021 он хүртэл хугацаанд хэрэгжих ба төслийн багийнхан аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нартай уулзаж, төслийн талаарх мэдээллийг өглөө. Тус төслийг аймгийн болон Булган сумын удирдлагууд, иргэд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.