“Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд “Бүтээлч байгууллага”, “Бүтээлч багш”-ыг шалгаруулав

44536653_1083685638453296_2720200013455032320_o Архангай аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй “Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд “Бүтээлч байгууллага”, “Бүтээлч багш” шалгаруулах уралдааныг энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа. “Бүтээлч байгууллага” шалгаруулах уралдаанд 24 сургууль, 30 цэцэрлэг оролцож, сургууль, цэцэрлэг бүр өөрсдийн байгууллагын онцлогоо харуулж, багш, сурагчдын бүтээлүүдийг танилцуулсан юм. ЕБС-ийн “Бүтээлч байгууллага”-аар 1-р байранд Эрдэнэбулган сумын 1-р сургууль орсон бол сургуулийн өмнөх боловсролын тэргүүн байрын “Бүтээлч байгууллага”-аар Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолбор сургууль орж, сургууль, цэцэрлэг тус бүр 3 сая төгрөгөөр шагнууллаа. Дараагийн байруудад орсон сургууль, цэцэрлэгүүдэд 500,000-2,000,000 төгрөгийн мөнгөн шагнал олгов. Харин “Бүтээлч багш” шалгаруулах уралдаанд нийгмийн ухаан, байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан, бага боловсрол, сургуулийн өмнөх боловсрол гэсэн таван чиглэлд 19 сумын 62 байгууллагын 115 багш оролцсон юм. Уралдааны шалгаруулалтад судлагдахуун бүрийн багш нар хичээл зааж, бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан юм. “Бүтээлч багш” уралдааны таван төрөлд тэргүүн байр эзэлсэн таван багшийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх батламж, удаах байранд шалгарсан багш нарт сургалтын хэрэглэгдэхүүн гардууллаа. Мөн тусгай байранд орсон багш нарыг ОХУ-д аялах эрхийн бичгээр шагнасан юм.