Малчин залуус урлаг, спортын 20 орчим төрлөөр өрсөлджээ

42145998_273085939994538_2648306461398007808_n Батцэнгэл сумын Засаг даргын нэрэмжит “Малчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн анхдугаар уралдаан”, Хөнөг багийн нэрэмжит “Малчин залуучуудын урлаг, спортын наадам 2018”-ыг 09 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Батцэнгэл сумын ЗДТГ-аас зохион байгууллаа. Малчин бүсгүйчүүдийн мал маллах, сүү цагаан идээ боловсруулах уламжлалт арга барилыг өвлүүлэн үлдээх,  тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх, алдаршуулах, олон нийтийн хүртээл болгох, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх, малчин залуусын нийгмийн идэвхи оролцоог өрнүүлэх, урлагийн авьяас, спортын ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд жилийн дөрвөн улирлын турш хөдөө мал маллан амьдардаг 200 орчим малчин залуу “Шилдэг саальчин”, “Хамгийн сүүтэй Монгол үнээ”, “Хамгийн сүүтэй гүү”, “Хамгийн сэтгэлд нийцтэй айраг”, “Хамгийн сайхан ааруул”, “Хамгийн амтлаг ээзгий” шалгаруулах уралдаанд оролцсон байна. Мөн тэд зөвхөн сааль сааж, мал маллах биш спортын төрлүүд болох гарбөмбөг, олс таталт, буухиа, сагсанбөмбөгийн шидэлт зэрэг төрлүүдэд өрсөлдсөхөөс гадна үндэсний сурын харваа, цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдаан, гоцлол дуу, хоршил дуу, ерөөл, магтаал, уран уншлага зэрэг нийт 20 орчим төрлөөр авьяас билэг, ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлджээ. Дээрх уралдаан наадамд нийлбэр дүнгээр тэргүүн байранд Х.Даваадорж даргатай Цац баг, дэд байранд Д.Төгс даргатай Дэл баг, гутгаар байранд С.Нэргүй даргатай Улаанчулуу баг тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, Dell  брендийн зөөврийн компьютер, мөнгөн шагналын эзэд болсон байна. Уг арга хэмжээний үеэр эцэг мал, суран эдлэл, цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.