Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Архангайд болно

32116598_963574150477149_2137915075044835328_n Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймагт болно. Энэ нь шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн орон нутагт 10 дахь удаагаа, Архангай аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм байна. Энэ жилийн тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор “Эртний хаадын өлгий-Арын сайхан Хангай” нэртэйгээр Монголын шатрын холбоо аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ-тай хамтран зохион байгуулна. Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан шилдэг эрэгтэй 12, эмэгтэй 12 шатарчин оролцох юм. Үүнээс эрэгтэй 2, эмэгтэй 2 шатарчин нь Архангайн аймгийн харьяат, гавьяат тамирчид байгаа ажээ. Тэмцээний үеэр Архангайд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн Биеийн тамир спортын газарт хөлөгт тоглоомын танхимын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж байна. Мөн тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд Эрдэнэбулган, Тариат, Цэнхэр, Батцэнгэл сумдын багш нарт шатрын сургалтыг явуулах гэнэ. Энэ удаагийн тэмцээн нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Ирээдүй 1+1” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог ажээ.