Өнөөдрийн байдлаар 10 өрхийн 100 гаруй үхэрт шүлхий өвчний шинж илэрчээ

268755203ad9616791af56c99b0b7bd9 Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай багийн малчин Батжаргалын 16 үхэрт энэ сарын 1-ний өдөр гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Газар дээр нь малын эмч ажиллаж үхрүүдээс дээж авч 3-р сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Улсын мал эмнэлгийн төв лабораторит дээжийг явуулсан бөгөөд 3-р сарын 3-ны өдөр дээж малын гоц халдварт шүлхий өвчин мөн болох нь баталгаажиж иржээ. Малчин Батжаргалынхаас 7 км-ийн зайд байх Өгийнуур сумын Дойт багийн малчныд мөн шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн нь баталгаажжээ. Өнөөдрийн /03.05/ байдлаар Хотонт сумын Бургалдай багийн голомтод 6 өрхийн 54 үхэр, 1 ямаанд гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Мөн Өгийнуур сумын Дойт багийн 4 малчин өрхийн 60-аад үхэрт шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээг аймгийн ОБГ-т ирүүлжээ. Дээрх хоёр суманд 3-р сарын 3-ны өдрөөс хорио цээрийн дэглэмийг тогтоосон бөгөөд шүлхий өвчнөөр халдварласан малыг өнөөдрөөс эхлэн устгах юм байна. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтыг шүлхийн шинж тэмдэг илэрсэн малчны хотоос 5 км-ийн тойрогт тогтоосон бөгөөд голомтыг тойруулж хяналтын болон ариутгалын цэгийн постыг Хотонт сумаас 6, Өгийнуур сумаас 2-ыг гарган ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэмийн сахиулан ажиллаж байна. Хотонт сум шүлхийн өвчин гарсантай холбоотойгоор баруун аймгуудад зорчих тээврийн хэрэгслийг зогсоохгүй шууд явуулах зорилгоор ШТС-ын үйл ажиллагааг зогсоосон байна.