Батцэнгэл суманд цолгүй залуу бөхчүүдийн үндэсний бөхийн тойргийн барилдаан болжээ

28641659_1534444143344446_1937604252_o Батцэнгэл суманд XVII жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн 7-ны өдөр өсвөрийн болон цолгүй залуу бөхчүүдийн үндэсний бөхийн тойргийн барилдаан, шинийн 8-нд аймаг, сумын цолтой 48 бөхийн барилдаан тус тус болж өндөрлөв. Хөнөг багийн уугуул, бизнесмен П.Амартүвшингийн ивээн тэтгэсэн 19 хүртлэх насны өсвөрийн бөхчүүдийн барилдааны тэргүүн байрыг Өлзийт сумын харьяат залуу бөх Д.Эрдэнэчулуун авсан бол удаах байруудад Батцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч А.Мөнхдорж, Г.Дашлхүмбэ нар тус тус шалгарсан байна. Баян-Уул багийн малчин, Алтан унаганы эзэн Батбаярын Энхтөрийн ивээн тэтгэсэн цолгүй залуу бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаанд Батцэнгэл сумын Хөнөг багийн харьяат залуу бөх М.Буянхишиг түрүүлсэн бол хоёрдугаар байрыг Дайр бор багийн харьяат залуу бөх Э.Түмэндэмбэрэл, гуравдугаар байранд Цац багийн харьяат залуу бөх О.Бат-Эрдэнэ оржээ. Дэл багийн харьяат, аймгийн сайн малчин, алтан тугалын эзэн Лхагвасүрэнгийн Отгонбаярын ивээн тэтгэсэн шинийн 8-ны өдрийн аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдааны тэргүүн байранд Төвшрүүлэх сумын харьяат сумын заан н.Лхагвасүрэн орсон бол дэд байранд Эрдэнэбулган сумын харьяат аймгийн начин н.Ганбаатар, гутгаар байранд Батцэнгэл сумын харьяат, аймгийн начин Х.Дарханбаатар нар тус тус орсон байна.