ХҮН БОЛОХ БАГААСАА ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

18402964_775589395942293_5223358256648168605_n

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүн болох багаасаа эцэг эхийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөн нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл дэх хүүхдийн хамгаалал, хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, амар амгалан байх боломж нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга ухаанд суралцуулахад чиглэгджээ.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхнасан, орлогч дарга Б.Болормаа, ГБХЗХГ-ын дарга Ч.Уранцэцэг, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн МУ-ын эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан Д.Мөнхөө гээд зочид төлөөлөгчид оролцож үг хэлсэн юм.

Энэ удаагийн зөвлөгөөнд 9 сургууль, 13 цэцэрлэгийн анги бүрийн эцэг эхийн төлөөлөл, зохион байгуулагчид оролцож, хүүхдийн төлөө эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагын тухай, тэдний харилцаа болон хүүхдийг хүмүүжүүлэх аргууд, эцэг эхийн зөвлөл, эцэг эхчүүдтэй хэрхэн хамтран ажиллах, гэр бүлд захиргааны байгууллагын дэмжлэгийг хэрхэн олгох зэрэг мэдээллийг сонсон хэлэлцүүлэг хийж, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх зөвлөмжийг гарган баталлаа.

Зөвлөгөөний үр дүнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, хариуцлагын талаарх мэдлэг нэмэгдсэн, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай ойлголт хандлагад нөлөөлсөн, хүүхэддээ тавих анхаарал халамж нэмэгдсэн байна гэж үзэж байна.

Сонирхолтой тоо дурдахад зөвлөгөөнд 338 хүн оролцсон ба үүнээс эрэгтэй нь 34, эмэгтэй нь 304, сургуулиас төлөөлж 74 хувь нь, цэцэрлэгээс 25 хувь нь төлөөлж иржээ. Насны ангилалаар нь үзвэл 26-35 насны 115, 36-45 насны 128, 46-60 насны 65 оролцогч байжээ. Оролцогчдийг эрхэлж байгаа ажлаар нь ангилбал төрийн албан хаагч 39, боловсролын салбарын 49, эрүүл мэндийн салбарын 34, ТББ, ААН-д ажилладаг 31, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 121, малчин 3, тэтгэврийн 3 оролцогч байсан байна.

Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, БСУГ, ЦГ, ЭБ сумын ЗДТГ, ДЗМОУБ-1 зэрэг байгууллагуд хамтран зохион байгууллаа.