БУЛГАН СУМЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАВ

18301064_775084989326067_652878365161693216_n

Булган сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагчдын төлөөлөл 15 сурагч аймгийн Засаг дарга хүн юу хийдэг, ямар төлөвлөгөөтэй ажилладаг тухай сонирхон ирж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нартай уулзлаа. Тэд дарга нараас өөрсдийн сонирхсон асуултаа асууж хариулт авч нээлттэй ярилцлаа. Мөн хэрхэн мэргэжлээ сонгож болох талаар ч ярьсан юм.

Засаг дарга Ц.Мөнхнасан хэлэхдээ: “Их дээд сургууль төгссөн хүмүүсийн 30 хувь нь ажлын байртай, харин МСҮТ-ийг төгссөн оюутнуудын 70 хувь нь ажлын байртай болж байна гэсэн судалгаа байдаг. Та бүхэн маань ямар ажил мэргэжил энэ цаг үед эрэлт хэрэгцээтэй байна, түүнийг сайн судалж, сурах хэрэгтэй. Хүний сайхан амьдрах нь хувь хүнээсээ их шалтгаалдаг шүү дээ. Сайн малчин ч байж болох шүү дээ. Аливаа зүйлийг сайн сурна гэдэг нь ирээдүйд заавал үр дүнгээ өгдөг” гэдгийг хүүхдүүдэд хэлж байв. Мөн Архангай аймгийн хөгжлийн гарц хэлж болох хөдөө, мал аж ахуй болон аялал жуулчлалын чиглэлээр барьж байгаа бодлогоосоо хүүхдүүдэд ойлгогдохуйцаар мэдээлэл өглөө. Энэ нь мэргэжлээ сонгох гэж буй тэдэнд тус болно гэлээ.

Сурагчид сургуулиа 12 жилтэй болгочихвол хүүхдүүдийн шилжих нь зогсоно, сургуулийн номын баяжилт муу, бараг шинэ ном байдаггүй, багш нар ямар нэг уралдаан тэмцээнд явах гэхээр цалин нь хүрдэггүйн улмаас явж чаддаггүй гээд их л олон зүйлд санаа зовж явдгаа илэрхийлэв. Харин аймгийн Засаг дарга номын баяжилт хийхэд нь зориулж нэг сая төгрөгийг шийдэж өгөхөөр болов.