Засгийн газрын 100 хоног Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр боллоо.

14682209_656772664490634_161189288919788036_o

МУ-ын Засгийн газар байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Засгийн газар 100 хоног нээлттэй хаалганы өдрийг Архангай аймгийн ЗДТГ-ын урд талбай буюу Дэмид жанжны талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт Цэцэрлэг хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 27 хэлтэс, агентлаг иргэдэд мэдээлэл өгч ажиллав. ”Засгийн газар 100 хоног” нээлттэй хаалганы өдрөөр агентлаг хэлтэс бүр салбарынхаа хэмжээнд болон орон нутгийн зүгээс, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлого, зорилтын талаарх мэдээллийг иргэдэд энгийнээр, дэлгэрэнгүй шуурхай өглөө. Мөн өөрсдийн салбарын онцлогт таарсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэсэн. Тухайлбал, нэгдсэн эмнэлэг явуулын эхогоор иргэдэд үйлчилсэн бол хувийн хэвшлийн Хасу, Зүүхэн эмнэлгүүд судас барих, толгойн бариа хийх, даралт үзэх зэрэг үйлчилгээ үзүүллээ. ЭМНДХ-ийн зүгээс тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын зөвлөгөө, сайн дурын даатгалыг нэмэгдүүлж шууд баталгаа хийж, гэрээ байгуулж, Хаш, Эм импекс эмийн сангууд хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилжээ. Мөн дээрээс нь Засгийн газрын 100 хоногийн өдрүүдтэй ЭМНДХ-ээс зарласан “Хамрагдалтыг нэмэгдүүлэх, өр авлагыг барагдуулах” аяны сүүлийн 10 хоног /10.10-20/ давхцсан учраас энэ чиглэлээрх мэдээллээ ч өгчээ. Хууль, татварын байгууллагуудаас иргэдэд хууль, эрхзүйн болон татварын талаарх мэдээлэл зөвлөгөө өгч, МХГ-аас хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо юуг анхаарах вэ?, шошго болон сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг хэрхэн шалгаж авах зэргээр нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байна. Бусад Цагдаагийн газар, ОБГ, УЦУОША гээд тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ашигладаг багажуудаа иргэдэд тайлбарлаж байлаа.

Засгийн газар 100 хоног  нээлттэй хаалганы өдрөөр Эрдэнэбулган сумын багууд болон бүх сургууль, цэцэрлэгүүд оролцсон нь онцлог байлаа. Сургууль, цэцэрлэгүүд хүүхдийн сургалтанд ашиглагддаг сургалтын хэрэглэгдэхүүнүүд, багш шавийн хамтын бүтээлүүд болон багш нарын сургалтын агуулга, хөтөлбөрүүдийг дэлгэсэн байв. Зарим сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдийнхээ үдийн цай, хоолны амталгаат үзэсгэлэнг хүртэл гаргасан байв.

Ийнхүү ”Засгийн газар 100 хоног” нээлттэй хаалганы өдөрлөг өглөө 11.30 цагт эхэлж 16.00 цагт өндөрлөлөө. Энэ хугацаанд Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн ХДТ-ын уран бүтээлчид бэсрэг тоглолт хийж, иргэддээ үйлчилсэн юм. Өдөрлөгт олон ч иргэд ирж төрийн үйлчилгээг нэг дороос авч, олон талын мэдээллийг нэг дороос авсандаа сэтгэл хангалуун байгаагаа тэд илэрхийлж байлаа.