Архангай аймаг мал сүргийн тоогоор сүүлийн хоёр жил дараалан улсад тэргүүллээ.

2895ebee0cb1c61cbig2014 оны эцсээр 4,292,8 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх онтой харьцуулхад 13,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрч буй 2014 он Архангайчуудын ялангуяа малчдын хувьд нар хур тэгширсэн, хадлан тариа элбэгтэй, дэлгэр зун, налгар намар өнгөрч мал сүргийн тоо толгой өсч, малчин ард ч эдүгээ өнтэй өвлийг туулж байна. Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4,292,8 толгой мал тоолуулж өмнөх оныхоос 13,8 хувиар мал сүргээ таван төрөл дээр нь өсгөснөөс Батцэнгэл сум 27,2 мянган адуу, Өндөр-Улаан сум 48,7 мянган үхэр, Эрдэнэмандал сум 273,6 мянган хонь, Батцэнгэл сум 97,0 мянган ямаа, Хашаат сум 400 толгой тэмээ тоолуулж тус тус аймагтаа тэргүүлжээ. Нийт мал сүргээс үхэр сүргийн тоо өмнөх оныхоос 17,6% өссөн нь малчин ардын хөдөлмөрийн үр шим төдийгүй аймгаас хэрэгжүүлж буй бодлого ихээхэн нөлөөлсөн байна. Тухайлбал 2014 онд аймгаас үхрийн арьсны гуур өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөрийг 41 сая төгрөгөөр батлан хэрэгжүүлжээ. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хээлтүүлэгч малын чанарт анхаарч, үржил селекцийг сайжруулах ажлуудыг зохион байгуулсан байна. 2013 онд малын тоогоор улсдаа тэргүүлсэн Архангайчууд малчдын зөвлөгөөн зохион байгуулж хамгийн олон адуу, тэмээ, үхэр, хонь, ямаатай сумд болон малчныг шалгаруулан өргөмжилж тэдгээр аварга малчдын арга туршлагыг залуу малчдад түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн ач холбогдол өгчээ. Энэхүү зөвлөгөөнийг сум, багуудад зохион байгуулж, малчдад зөвлөмж, мал аж ахуйтай холбоотой чухал мэдээллүүдийг нэгтгэсэн сэтгүүл товхимолуудыг санаачлан хүргэж ирсэн нь үр дүнгээ өгч байгаа талаар малчид өөрсдөө ярьж байна. Малын тоо толгойгоор тэргүүлэх нь бахархам амжилт хэдий ч цаашдаа бэлчээрийн даац, худаг усны нөөц, малын түүхий эдийн үйлдвэрлэл, ашиг шим, үржил селекц, малчин ардын нийгмийн асуудал зэргийг давхар шийдэж аймгийн зүгээс бодлогын асуудлуудад анхаарч байгаа аж. Одоогийн байдлаар нийт 28027 малчинд малчин гэсэн мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулаад байгаа бол 14500 малчинд өөрийн регистирийн дугаартай тамгыг нь олгоод байгаа ажээ.