Улсын математикийн олимпиадын бэлтгэл хангагдсаар…

10801519_369509636557314_7083974367401994502_nП.Энхболдын нэрэмжит улсын математикийн XIII олимпиадад Эрдэнэбулган сумын I сургуулийн сурагчид амжилттай оролцон медалт байранд шалгарлаа. Нэрт математикч П.Энхболдын нэрэмжит уг олимпиад хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд орон нутгаас оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа ажээ. Энэ жилийн хувьд 2000 гаруй сурагчид хамрагдсан байна. Архангай аймгаас оролцогчдын хувьд XII олимпиадад I сургуулийн сурагч Б.Цэрэнлхам хүрэл медал хүртэж байсан бол XIII олимпиадаас мөнгөн медал хүртэж медалын өнгөө ахиулсан байна. Мөн тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Н.Янжинлхам хүрэл, Төгөлдөр тусгай байрын шагналыг хүртэж өмнөх жилүүдийн амжилтаа өндрөөр ахиулжээ. Олимпиадын бага ангийн багшийн төрөлд I сургуулийн математикийн багш Б.Нямсүрэн тусгай байрын шагнал хүртсэн байна. Олимпиадад амжилт үзүүлсэн сурагчдыг I сургуулийн математикийн багш Ж.Эрдэнэцэцэг бэлдсэн бөгөөд тус багшийн хувьд математикийн чиглэлээр аймаг, бүс, улсын чанартай бүхий л уралдаан, тэмцээнд бэлтгэсэн шавь нар нь ийнхүү амжилттай оролцож сургууль, аймгийнхаа нэрийг ямагт сайнаар үнэлүүлдэг билээ. Ж.Эрдэнэцэцэг багш хэлэхдээ 2016 онд улсын математикийн олимпиад Архангай аймагт зохион байгуулахтай холбогдуулан, мөн Математик хөтөлбөрийн хүрээнд багш сурагчдыг сум, орон нутаг, сургуулийн удирдлагын түвшинд маш сайн дэмжиж төрөл бүрийн тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулж, хамруулж байгаагийн үр дүн гарч байна хэмээн онцолж байлаа. Аймгийнхаа нэрийг улсын хэмжээнд гаргасан сурагчид тэднийг бэлтгэсэн багш, сургуулийн хамт олонд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж цаашдын хичээл сурлаганд нь амжилт хүсье