Соёлын төвийн барилга ашиглалтанд орлоо

10885545_379180308923580_2174350875295794642_nАрхангай аймгийн Батцэнгэл суманд 250 хүний суудалтай соёлын төвийн шинэ барилга ашиглалтанд орж, Соёлын төвийн нээлтийг сумын шинэ жилийн баярын үйл ажиллагаагаар нээлээ. Батцэнгэлчүүд 90 жилийн ойгоо энэ долоодугаар сард өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Их ой угтсан бүтээн байгуулалтын ажлууд суманд өрнөсний нэг нь Соёлын төвийн барилга. Барилгын ажлыг “Их Хашаат” ХХК 828 сая төгрөгийн төсвөөр барьж гүйцэтгэжээ. Соёлын төв нь долоон ажилтантайгаар сумын ард иргэдэд урлаг соёлын үйл ажиллагааг хүргэхээс гадна номын сан, орон нутаг сурталчилах танхимыг нээн ажиллуулахаар тохижилтын ажилдаа оржээ. Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн хэлсэнчлэн улсын тэргүүний соёлын төв болох зорилтыг дэвшүүлсэн уг хамт олон сумын ерөнхий боловсролын сургуулийн авъяаслаг сурагчдыг өөрийн дугуйландаа бэлдэж, ирээдүйн залгамж халаагаа тасралтгүй бэлдэх бодлого барьж байгаа аж. Түүнчлэн уран бүтээлчдийн бие даасан тоглолтыг сум болон аймагтаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлдэг ажээ. Батцэнгэл сумын соёлын төвийн барилга, техник хэрэгсэл гээд бүхий л зүйлс шинэчлэгдэн тоноглогдсон юм. Батцэнгэлчүүд шинэ оны босгон дээр сумын шилдгүүдээ тодруулж, ард иргэдээрээ амжилт бүтээлээ дүгнэн хэлэлцдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд шинэ жилийн баяраа шинэ соёлын төвдөө тэмдэглэхээр 250 хүний суудалтай соёлын төвд 400 гаруй иргэд цуглажээ. Иргэд соёлын төвийн шинэ барилгадаа сэтгэл өндөр байлаа.