Мал үржлийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

хөдөө аж ахуйМонголын мал үржүүлэгчдийн холбооноос Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран “Мал үржлийн ажил, үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи ажлыг үр дүнг танилцуулах хурлыг өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хийлээ.

Энэхүү төслийг Архангай, Баянхонгор, Булган, Төв, Дорнод, Сүхбаатар зэрэг зургаан аймгийн сумдад хэрэгжүүлж байна. Ингэхдээ дээрх аймгийн зарим сумдад үржүүлдэг Үзэмчин, Барга үүлдэр, илүү нугаламт хонь, Залаа жинстийн цагаан омгийн ямаа, Сэлэнгэ үүлдрийн үхрийн өсвөр хээлтүүлэгчийг сонгон авч, өсгөн бойжуулж байгаа ажээ. Тодруулбал, тавдугаар сараас хойш төсөл хэрэгжүүлэх хугацаанд Үзэмчин үүлдрийн 160 хурган хуц, Барга үүлдрийн 45 хурган хуц, 85 үржлийн охин хурга, Баянцагаан удмын 140 гаруй хурган хуц, Залаа Жинстийн цагаан омгийн 310 ухна ишиг, Сэлэнгэ үүлдрийн 73 бухан тугал сонгон, үржлийн номерь зүүж, бүртгэлжүүлсэн байна. Мөн өсвөр хээлтүүлэгчийг өвөлжүүлэх нутгийг сонгож, хашаа, уст цэг, хадлан тэжээлийг орон нутгийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэжээ.  Цаашдаа  төслийн хүрээнд мэргэжлийн төвшинд шилж, сонгож, үржлийн чанар сайтай хээлтүүлэгчийг олноор нь өсгөн бойжуулах юм байна.

Сүүлийн 20 жилд нутгийн шилмэл үүлдэр, омгийн хонины ноосны гарц, стандартад заасан хэмжээнээс 210 граммаар буурсан дүн гарчээ. Тиймээс Засгийн газраас бодит байдалд дүгнэлт өгч, малын чанарыг сайжруулах чиглэлээр анхаарч, ийнхүү зургаан аймагт мал үржүүлгийн төслийг хэрэгжүүлэх болсон байна.