дотоод журам

                                                                      Засаг даргын Тамгын Газрын даргын

                                                                       2017 оны …. сарын …. ны өдрийн …..

                                                                               дугаар тушаалын хавсралт

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

   

Нэг. Нийтлэг үндэслэл:

1.1. Дотоод журмын зорилго: Аймгийн Засаг даргын Тамгын Газрын /цаашид Тамгын Газар гэнэ/  дотоод журмын зорилго нь албан хаагчдын ажил үүргийг оновчтой зохион байгуулах, сахилга дэг журмыг сайжруулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оршино.

1.2. Дотоод журам хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг Засаг даргын Тамгын газар, Нийтлэг үйлчилгээний газрын дарга эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэнэ.

1.3. Энэхүү журмыг Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн дарга, нийт албан хаагчид дагаж мөрдөнө.

1.4. Дотоод журмыг мөрдөхдөө Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад холбогдох журам, дүрмийг үндэслэл болгоно.

1.5. Мөн аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргаас  ажилтнуудын үйл ажиллагаанд баримтлахаар гаргасан захирамж, шийдвэрийг мөрдлөг болгоно.

Хоёр.Засаг даргын Тамгын газрын удирдлага, зохион байгуулалт:

2.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрыг Тамгын газрын дарга /цаашид “дарга” гэх/ удирдана.

2.2. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс,  Хууль, эрх зүйн хэлтэс /Архивын тасагтай/, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Нийтлэг үйлчилгээний газар, Цэргийн штабтай байна.

Хэлтэс, тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэлтсийн дарга удирдах бөгөөд өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажил, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг Тамгын газрын даргын өмнө бүрэн хариуцна.

2.3. Тамгын газрын даргын эзгүйд түүний ажлыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хэлтсийн дарга нарын эзгүйд тухайн хэлтсийн даргын томилсон мэргэжилтэн түүний ажил үүргийг орлон гүйцэтгэнэ.

 

 

 

Гурав. Засаг даргын Тамгын газрын дотоод үйл ажиллагаа, баримт бичгийн хөтлөлт, тэдгээрт тавигдах шаардлага:

 

3.1. Дарга нь Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.

3.2. Тухайн асуудлыг шийдвэрлэхээр тушаалын төсөл боловсруулсан ажилтан нь өөрийн хэлтсийн даргад танилцуулсаны дараа бусад хэлтсийн саналыг авч тушаалын төсөлд тусгана.

3.3. Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдын мэдээллийн цагийг сар бүрийн 1, 3 дах долоо хоногийн “Лхагва” гарагийн 17.00 цагт , Засаг даргын Тамгын газрын газар, хэлтэс, албадын дарга нарын шуурхай зөвлөлгөөнийг 7 хоног бүрийн Даваа гаргийн 09.00 цагт хийнэ.

3.4. Шуурхай зөвлөлгөөнөөр тухайн газар, хэлтэс албанаас 7 хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явц, цаг үеийн шаардлагатай асуудлын талаар мэдээлэл сонсож, ирэх 7 хоногт хиих, ажил үүргээ ярилцаж төлөвлөнө.

3.5. Шуурхай зөвлөлгөөнөөр ярилцсан ажил, арга хэмжээ, үүрэг даалгаврын талаар дотоод ажил хариуцсан мэргэжилтэн тэмдэглэл хөтөлж, хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийн талаар тухай бүр мэдээлж ажиллана.

3.6. Аймгийн Засаг даргын захирамжийг холбогдох албан тушаалтан боловсруулж, Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар эрх зүйн үндэслэлийг хянуулсны дараа Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нарын саналыг авч, хэвлэлтэнд оруулна.

3.7. Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гарч байгаа захирамж, тушаал, албан бичигт эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулалт хийсний дараа бичиг хэргийн ажилтан стандартын дагуу бусад бүрдлийг хийж, захирамжинд Хууль, эрх зүйн хэлтсээс, тушаал, албан бичигт бичиг хэргийн ажилтнаас нэгдсэн дугаар олгож, бичиг хэргийн ажилтан зохих эзэнд нь хүргүүлнэ.

3.8. Захирамж, тушаалын болон албан бичгийн хэвлэмэл хуудас нь тусгай дугаарлагчаар дугаарлагдсан байх бөгөөд нярав архив, бичиг хэргийн эрхлэгчид шаардах хуудсаар олгож, бүртгэл хөтөлнө.

3.9.  Албан хаагч нь баримт бичиг боловсруулан гаргахдаа энэ журмын 2.5-д заасан холбогдох албан тушаалтнуудад хянуулж зөвшөөрөл авсны дараа хэвлэмэл хуудсанд хэвлэн гаргах ба энэ журмыг зөрчиж баримт бичгийг хэвлэснээс буруу бичсэн, засвар орж дахин хэвлэсэн зэргээр хэвлэмэл хуудсыг үр ашиггүй зарцуулсан тохиолдолд үр ашиггүй зарцуулсан  хэвлэмэл хуудасны үнийг тухайн албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

3.10. Тамгын газарт ирсэн албан бичиг болон иргэдийн бичгээр ирүүлсэн санал, өргөдөл гомдлыг архив, бичиг хэргийн эрхлэгч бүртгэж, холбогдох удирдлагад танилцуулах бөгөөд удирдлагын өгсөн чиглэлийн дагуу  холбогдох хэлтэс, албад, албан тушаалтанд бүртгэлээр хүлээлгэн өгнө.

3.11. Архив, бичиг хэргийн эрхлэгч нь 7 хоног тутам шийдвэрлэвэл зохих, хугацаа хэтэрсэн албан бичгийн мэдээг гаргаж газар, хэлтэс, тасгийн дарга нарын шуурхай зөвлөлгөөнд танилцуулна. Албан бичгийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн албан хаагчдад Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

3.12. Тухайн онд хөтлөгдөх бичиг хэргийн нэрийн жагсаалтыг архив, бичиг хэргийн эрхлэгч боловсруулан гаргаж, баримтбичиг нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар батлуулна.

Дөрөв. Иргэнийг ажилд авах, албан хаагчийг ажлаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах:

4.1. Төрийн жинхэнэ албан тушаалын орон тоонд иргэнийг авч ажиллуулах нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 17, 18, 21, 22, 23 дугаар зүйл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтуудыг баримтлан томилно.

4.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлүүдийг баримтлан албан тушаалаас чөлөөлнө.

4.3. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тохиолдолд 25, 26 дугаар зүйлүүд, мөн хуулийн холбогдох заалтууд болон энэ журамд заасан нөхцөлүүдийг үндэслэл болгоно.

4.4. Төрийн үйлчилгээний албан тушаалд орохыг хүссэн иргэнд төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн байхыг шаардахгүй бөгөөд хуульд заасан баримт бичгийг бүрдүүлнэ.

4.5. Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажилд авах, ажлаас чөлөөлөх тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон энэ журмыг баримтална.

4.6. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болно.

4.7. Байнгын ажлын байранд төрийн үйлчилгээний албан хаагчийг ажилд авахдаа туршилтын хугацаа хэрэглэж болох бөгөөд энэ үед Хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулна.

4.8. Ажилд орох иргэн болон ажлаас чөлөөлөгдөх албан хаагчийг хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан судалж, холбогдох хэлтсийн даргын саналыг авч Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулна.

4.9. Ажилд орохыг хүссэн болон чөлөөлөгдөх албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар, үйлчилгээний /нярав, жолооч, үйлчлэгч, жижүүр, сахиул/ ажилтныг Нийтлэг үйлчилгээний газрын даргын тушаалаар тус тус томилж, чөлөөлнө.

4.10. Шинээр томилогдсон албан хаагчид хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын нэр, цалин, ёс зүйн дүрэм, дотоод журмыг танилцуулж, судлуулна.

4.11. Ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчаас эд хөрөнгийг картаар хүлээн авч, ээлжийн амралтын болон холбогдох тооцоог хийсний дараа Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж олгоно.

4.12. Шаардлагатай тохиолдолд албан хаагч өөр ажил албан тушаал түр орлон гүйцэтгэх, сэлгэн ажиллуулах асуудлыг хуулийн дагуу Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэрлэнэ. Тав. Төр, байгууллага, хувь хүний нууц:

5.1. Албан хаагчид нь ажил үүргийнхээ дагуу олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална.

5.2. Байгууллагын архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн ньбаримт бичгийн нууцыг чандлан хамгаалж, нууцын баталгаа гаргана.

5.3. Албан хаагчдын хувийн хэрэг, архивын баримт бичигтэй танилцах, мэдээлэл авахыг хүссэн этгээдэд Засаг даргын Тамгын газрын даргын зөвшөөрлийг үндэслэн архивын журмын дагуу танилцуулна.

5.4 Энэ журмын 5.1, 5.2, 5.3-т заасан заалтуудыг зөрчсөн албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

 

Зургаа. Ажлын цаг, түүний ашиглалт, цалин хөлс

6.1. Долоо хоногийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна. Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.Ажилтнууд ажилд ирсэн, завсарласан, явсан цагаа биечлэн жижүүрт болон цаг бүртгэх төхөөрөмжид  бүртгүүлэх ба томилолтоор хот хөдөөд ажилласан, өвчилсөн, захиргааны чөлөө авсан, ээлжийн амралт эдэлж байгаа зэрэг хугацааг ня-бо-д мэдэгдэнэ.

6.2. Нийт албан хаагчдын цаг ашиглалт, бүртгэлийн байдалд Засаг даргын Тамгын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хяналт тавьж, энэ талаар 7 хоног тутам Засаг даргын Тамгын газрын даргад мэдээлнэ.

6.3. Ажлаас хоцорсон болон тасалсан цаг нь өссөн дүнгээр ажлын 3 ба түүнээс дээш өдөр болбол ажил тасалсанд тооцож, цалингаас суутгана.

6.4. Албан хаагчид өөрт нь буюу түүний гэр бүлд хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон үед тухайн албан хаагчийн хүсэлт, хэлтсийн даргын саналыг үндэслэн чөлөө олгоно.

6.5. Ажилтанд 1 өдрийн чөлөөг хэлтсийн дарга, 2-4 өдрийн  чөлөөг Засаг даргын Тамгын газрын дарга чөлөөний хуудсаар 5-аас дээш өдрийн чөлөөг  Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар  тус тус олгоно.

6.6. 5 хүртэл өдрийн чөлөө цалинтай байх ба ажилтны хүсэлтээр 5-аас дээш өдрийн чөлөөг цалинтай болон цалингүй олгох асуудлыг Тамгын газрын дарга шийдвэрлэнэ. Албан хаагчийн амьдралд хүндэтгэх шалтгаан /гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, эцэг эхийгээ удаан хугацаагаар эмчлүүлж асрах, гал ус, байгалийн бусад гамшигт өртсөн болон сургалтанд хамрагдах, гадаадад томилолтоор ажиллах/ үед 30 хүртэл өдрийн цалинтай чөлөө олгож болно.

6.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 102-106 дугаар зүйлийн дагуу эхчүүдэд /ганц бие эцэгт нэгэн адил хамаарна/ хүүхдээ асрах чөлөө олгоно.

6.8. Дор дурьдсан тохиолдлыг албан хаагч болон түүний гэр бүлд гарсан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ.

6.8.1. Төрийн албан хаагч өөрөө болон түүний эхнэр, нөхөр, хүүхэд, өөрийн болон хадам эцэг, эх, төрсөн ах эгч дүү хүндээр өвчилсөн.

6.8.2. Төрийн албан хаагчийн гэр бүл, үр хүүхэд, өөрийн болон хадам эцэг, эх төрсөн ах эгч дүү нь нас барсан.

6.8.3. Ажилтан гэр бүл болох, хүүхэд төрөх, үрчлэх, шинээр гэр барих, байранд орох, хүүхдээ гэрлэх.

6.8.4. Байгалийн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болох гал түймэр, үер, салхи, шуурга зэрэгт нэрвэгдэх, техникийн болон ахуйн гэнэтийн осол, аваарт орох, хорио тогтоогдсон бүсэд хоригдох зэрэг давагдашгүй  нөхцөл тохиолдсон.

6.8.5. Ажилтан хүүхдийнхээ эцэг, эхийн хуралд суух болон цэцэрлэг, сургуулиас зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцоход

6.9. Чөлөөний хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хэтэрсэн хугацааг ажил тасалсанд тооцно.

6.10. Албан хаагчид олгосон чөлөөг хүн нэг бүрээр сар тутам бүртгэж санхүүгийн баримтанд хавсаргана.

6.11. Албан хаагчийн ээлжийн амралтын хуваарийг жил бүрийн 3 дугаар сард  ажилтны өөрийн саналыг авсны үндсэн дээр тухайн хэлтсийн даргатай зөвшилцөн Засаг даргын Тамгын газрын дарга батална. Ажлын шаардлагаас хамаарч батлагдсан ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулж болно.

 

Долоо. Үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх:

7.1. Хэлтэс, албадын дарга нар төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах бэлтгэл хангах, хэлтсийн төлөвлөгөө батлах, гэрээ байгуулах ажлыг                  12 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулж дуусгана.

7.2. Ерөнхий менежер үр дүнгийн гэрээний төслөө төсвийн ерөнхийлөн захирагчид 12 дугаар сарын 25-28-ны хугацаанд хүргүүлнэ.

7.3. Хэлтэс, албадын дарга төрийн албан хаагчид үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн явц, биелэлтийг 06 дугаар сарын 20, 12 дугаар сарын 20-ны дотор гаргаж тайлагнана.

7.4. Ерөнхий менежер үр дүнгийн гэрээний биелэлтийг тухайн жилийн                 06 дугаар сарын 20, 12 дугаар сарын 20-ны дотор гаргаж, жилд 2 удаа тайлагнана.

7.5. Ерөнхий менежер үр дүнгийн гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25,              12 дугаар сарын 25-ны дотор Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

7.6. Хэлтэс, албадын дарга нарын үр дүнгийн гэрээний биелэлтэд хийх хяналт үнэлгээг ерөнхий менежер, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтэд хийх хяналт үнэлгээг хэлтэс, албадын дарга нарыг байлцуулан тэдний саналыг сонсож Тамгын газрын дарга 12 дугаар сарын 25-ны дотор дүгнэсэн байна. Гэрээг дүгнэхэд эрх шилжүүлэх асуудал байж болно.

 

7.7. Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээний мөрөөр авах арга хэмжээг менежер, хэлтэс, албадын дарга нар хариуцаж эрх бүхий албан тушаалтнаар холбогдох шийдвэрийг гаргуулан баталгаажуулж, үнэлгээний материалыг хүний нөөцийн бодлого хариуцсан ажилтанд шилжүүлнэ.

Найм. Үйл ажиллагааг үнэлж дүгнэх:

 

8.1. Хэлтсүүд үйл ажиллагаагаа жил, улирал, сараар төлөвлөж ажиллана.

8.2. Жил, улирлын төлөвлөгөөг дараах асуудлуудтай уялдуулан зохицуулна.

8.2.1. Төр засгийн тухайн үеийн бодлого, зорилт, онцлог

8.2.2. Дээд байгууллагын тогтоол, шийдвэр

8.2.3. ИТХ-аас дэвшүүлсэн зорилт

8.2.4. Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ

8.3. Тамгын газар болон хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг Төрийн захиргааны  удирдлагын хэлтэс нэгтгэн хяналт шинжилгээ үнэлгээ хийж, удирдлага, хамт олонд тогтоосон хугацаанд танилцуулна.

8.4.Төрийн албан хаагчийн ажлыг дүгнэх асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах ба төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээний илтгэх хуудсыг албан хаагчдын тайлангийн хамт архивлана.

Ес. Албан томилолт:

9.1. Томилолтоор ажиллах албан хаагчдын томилолтыг Тамгын газрын дарга гарын үсэг зурж олгоно.

9.2. Томилолтын хугацаа сунгах, эсвэл урьдчилан дуудахыг Тамгын газрын дарга шийдвэрлэнэ.

9.3. Албан хаагч томилолтоор ажилласан тухайгаа илтгэх хуудсаар тайлагнах ба Тамгын газрын дарга тухайн илтгэх хуудсанд үндэслэн албан хаагчийн ажлыг дүгнэж, зардлыг олгоно. Томилолтын зардлыг шаардлагатай тохиолдолд урьдчилан олгож болно.

9.4. Албан хаагчийг гадаадад томилолтоор явуулах асуудлыг Засаг даргатай Тамгын Газрын дарга харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.

Арав. Албан хаагчдын нийгмийн асуудал:

10.1. Албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан нөхцөл,  баталгаагаар хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Үүний тулд Тамгын газрын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах болон сургалтанд хамруулах хөтөлбөрийг  гарган баталж мөрдөнө. Холбогдон гарах зардлыг Тамгын газрын жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ, хуульд заасны дагуу орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг журмын дагуу шийдвэрлэнэ.

10.2. Албан хаагчдаас мэргэжлээ дээшлүүлэх чиглэлээр их, дээд сургуульд суралцахад зориулж нэг удаагийн тусламж олгох, ажлын байрыг хадгалж суралцах нөхцөлөөр хангах, хуульд заасан журмаар цалин олгох зэргээр дэмжлэг үзүүлж болно.

10.3. Албан хэрэгцээнд зориулж шаардлагатай сэтгүүл, сонинг Засаг даргын  Тамгын газраас улирлаар захиалж нийтээр ашиглана

  1. 4. Байгууллагаас эд хөрөнгийн тооллогыг бүтэн жилээр явуулна. Тооллогын ажилд үр дүнтэй ажилласан гишүүдэд урамшуулал олгож болно.

  1. 5. Тамгын газрын албан хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, тэдний мэдлэг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлнэ.

  1. 6. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нарийн мэргэжлийн үзлэгт жилд 1-ээс доошгүй удаа хамруулах, биеийн тамир спортоор хичээллүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ арга хэмжээнд жил бүр тодорхой төсөв төсөвлөж зарцуулна.

10.7. Тамгын газраас албан хаагчдад олгох нөхөх төлбөрийг Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйл, Засгийн Газрын 1995 оны 218 дугаар тогтоол, тусламжийг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, Засгийн Газрын 2004 оны 112 дугаар тогтоолоор баталсан журмуудыг тус тус үндэслэн олгоно.

10.7.1. Албан хаагчийн эхнэр, нөхөр, үр хүүхэд нь нас барвал 300000, өөрийн болон хадам эцэг эх, өвөө, эмээ, ах, эгч, дүү, ач, зээ нь нас барсан тохиолдолд 200000,  ажилтан өөрөө нас барвал ар гэрт нь 500000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, унаагаар үйлчилнэ. Энэ ажлаар гадна аймаг, хотод явах өөрийн ажилтны унааны зардлыг автомашин, шуудангийн зардлаар тооцож нэмж олгоно.

10.7.2. Амьдралд нь хүнд гачигдал тохиолдох, удаан хугацаагаар өвчлөн хөдөлмөрийн чадвараа 3 сараас дээш хугацаагаар алдсан албан хаагчид 1-2 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно.

10.7.3. Улаанбаатар хотын 3 дугаар шатлалын эмнэлэгт очиж онош тодруулсан тохиолдолд 50.0 мянган төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд 100.0 төгрөг, мэс заслын эмчилгээ хийлгэх болон 1 сараас дээш хугацаанд  эмчлүүлсэн тохиолдолд 200.0 хүртлэх мянган төгрөгийн  тусламж үзүүлнэ.

10.7.4. Засаг даргын Тамгын газрын ажилтан болон тэдний үр хүүхдээс гэр бүл болоход 200000 төгрөг, эсвэл энэ хэмжээний үнэ бүхий зүйлийг дурсгал болгоно. Шинээр гэр, орон сууцанд ороход 150000 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

10.7.5. Байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа албан хаагч болон тэтгэвэрт гарсан ахмад настан хүндээр өвчилсөн, нас барсан тохиолдолд нэг удаа 100000  төгрөгийн тусламж олгоно.

10.7.6. Байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдыг ахмадуудын бүртгэлд авч, жилд 2 удаа хүлээн авч уулзан гаргасан санал хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэнэ.

10.7.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан албан хаагчид 1 сар ба түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

10.7.8. Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад жилд 1 удаа түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт  200000 хүртэл төгрөг, сар бүр цайны мөнгө тооцож олгоно.

10.7.9.Ажилтаны гэр бүлд шинээр хүүхэд мэндэлбэл  100.000 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

Арван нэг. Албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл:

11.1. Албан хаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлсийг хориглоно.

11.1.1.Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг;

11.1.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргах;

11.1.3. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх;

11.1.4. Албан хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтэрч төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах;

11.1.5. Ажлын байранд  тамхи татах;

11.1.6 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, чөлөөний хугацаа хэтрүүлэх;

11.1.7. Ажлын байранд тэсэрч дэлбэрэх, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, хордуулах, мансууруулах болон цацраг идэвхит бодис, зэвсэг хэрэгсэл авч орох:

11.1.8. Тус газрын эд хөрөнгө, хүндэтгэлийн зүйлийг эвдэж, гэмтээх, шамшигдуулах;

11.2. Албан хаагчид нь ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажил хэрэгч хувцасласан байна. /жинсэн өмд, спорт гутал, задгай энгэртэй хувцас, хэт богино банзал өмсөхийг хориглоно/

 

 

 

Арван хоёр. Шагнал урамшил, хариуцлага:

 

12.1. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл, Засгийн Газрын 1995 оны 96 дугаар, 1997 оны 54 дүгээр тогтоолын дагуу албан тушаалын үүргээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан албан хаагчдыг жил бүр шалгаруулж дараах хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:

- Засаг даргын Жуух бичгээр шагнах

- Засгийн Газрын болон төрийн дээд байгууллагын шагналд тодорхойлох

-Зэрэг дэвийг хугацаанаас нь өмнө олгох, цалингийн шатлал ахиулах;

- Байгуулллагын зардлаар гадаад дотоодын сургалтад хамруулах;

- Ур чадварын нэмэгдэл олгох;

12.2. Үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гэрээний биелэлтийг үндэслэн албан хаагчдад үндсэн цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно.

12.3.Онцгой чухал буюу онц төвөгтэй үүрэг гүйцэтгэсэн ажилтныг холбогдох хууль, журмын дагуу урамшуулах асуудлыг аймгийн Засаг даргаар уламжлуулан Засгийн Газарт тавьж шийдвэрлүүлнэ.

12.4. Албан хаагч урлаг, спортын улс, бүс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 1-3 дугаар байр эзэлсэн бол 200000 төгрөгийн шагнал олгоно.

12.5. Албан хаагчдаас төрийн одон медалиар шагнуулах, эрдмийн зэрэг цол хүртэх, 50, 60 насны ой тэмдэглэх, өндөр насны тэтгэвэрт гарах, албан тушаал дэвшихэд 200000 хүртэл төгрөгийн хүндэтгэл үзүүлнэ.

12.6. Албан хаагчдын 0-16 насны хүүхдүүдэд шинэ жил, эх, үрсийн баяраар бэлэг олгоно.

12.7. Ажилтнууд 10 ба түүнээс дээш жил тогтвор суурьшилтай, тасралтгүй ажилласан бол 1 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал нэг удаа  олгоно.

12.8. Албан хаагч нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлж “дутагдалтай”, “хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан тохиолдолд  албан тушаалын сарын цалинг бууруулах, ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулах ба эсвэл захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна.

12.9. Монгол Улсын “Төрийн албаны тухай” хуулийн 15, 40 дүгээр зүйл  болон хөдөлмөрийн сахилга, энэ дотоод журмыг зөрчсөн албан хаагчдад зөрчлийн байдлыг харгалзан энэ журмын 12 дугаар зүйлийг үндэслэл болгон сахилгын шийтгэл ногдуулна.

12.10. Албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад шагнал, урамшуулал олгох, албан тушаал дэвшүүлэн ажиллуулахыг хориглоно.

Арван гурав. Хэрэгжилтийн хяналт, хүлээлгэх хариуцлага:

 

13.1. Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно

-Ажил үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн

-Шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан

-Байгууллагын эд зүйлд санаатай буюу санамсаргүйгээр их хэмжээний хохирол учруулсан

- Албан хаагч хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалттгүй биелүүлж “Дутагдалтай” гэсэн үнэлгээ авсан

-Ёс зүйн дүрэм, Засаг даргын Тамгын Газрын төрийн албаны стандарт зөрчсөн.

- Сахилгын зөрчлийг давтан гаргасан

 

13.2. Журмын 11.1, 13.1-д заасан ноцтой зөрчил, журмын 3.10, 5.4-д заасан болон сахилгын бусад зөрчил гаргасан Засаг даргын Тамгын Газрын ажилтан, албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 26.6 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулна.

13.3. Зөрчлийн байдлыг харгалзан сахилгын шийтгэлүүдийг дараах байдлаар ялгамжтай оногдуулна.

13.3.1.Сануулах шийтгэл:

 

13.3.1.1. Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  3 удаа биелүүлээгүй;

13.3.1.2. Цаг хугацаатай ажлыг хугацаанд нь биелүүлээгүй, ажилдаа хайнга хандсан;

13.3.1.3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас 7 хоногт 3-аас дээш удаа хоцорсон, 18.00 цагаас өмнө явсан, шалтгаангүйгээр 3 хүртэл өдрийн ажил тасалсан;

13.3.1.4. Дотоод журмын 2.11, 4.4-д заасан заалтуудыг зөрчсөн;

 

13.4. Албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах шийтгэл:

 

13.4.1. Дотоод журамд заасан зөрчлийг давтан гаргасан, албан хаагчийн ёс зүйг зөрчсөн байдал нь ажлаас халах үндэслэл болохгүй бол.

13.4.2. Ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан

13.4.3. Бусад

 

 

13.5. Ажлаас халах:

 

13.5.1. Дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан.

13.5.2. Хуульд заасан бусад үндэслэлүүд

13.6. Дотоод журамд албан хаагчдаар хэлэлцүүлэн Засаг даргын Тамгын Газрын даргын тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь журмын салшгүй хэсэг болон мөрдөгдөнө.

13.7. Энэхүү журмын хэрэгжилтэнд Засаг даргын Тамгын Газрын дарга, хэлтсийн дарга нар хяналт тавина.

13.8. Дотоод журмыг мөрдөх явцад гарсан маргаан, санал хүсэлтийг Засаг даргын  Тамгын Газрын дарга, хэлтсийн дарга нарын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

      —о0о—