“Ээждээ захидал бичээрэй” аймгийн уралдаанд 200 гаруй захидал иржээ

28880056_931404903694074_1363469644_o Архангай аймгийн нийгэм, улс төр, танин мэдэхүйн мэдээллийн 10 хоног тутмын “Архангайн толь” сонин, аймгийн Номын сантай хамтран жил бүр зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” аймгийн захидлын уралдааны дүн гарлаа. Уралдааны зорилго нь хүүхэд, залуучуудад эх үрийн нандин холбоог мэдрүүлэх, ээждээ хэлж чадаагүй сэтгэл зүрхний үгээ захидлаар дамжуулан илэрхийлэх боломж олгох цаашлаад эх хэлээрээ зөв, сайхан бичих, уран яруу үг хийгээд найруулга зүйн хэм хэмнэлийн чадварыгнэмэгдүүлэхэд оршдог байна. Түүнчлэн захидал гэдэг нь сэтгэлийн гүн дэх үнэн үгээ илэрхийлэх боломж олгодог харилцааны нандин хэрэглүүр гэдгийг ойлгуулах зорилготой юм. Аймгийн хэмжээнд явагддаг захидлын уралдаанд энэ жил Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан аймгуудаас захидал ирсэн нь уралдааны цар хүрээ тэлж буйг харуулж байгаа юм. Насанд хүрэгчид, хүүхдийн гэсэн ангиллаар 2014 оноос хойш уламжлан зохиож буй энэ удаагийн уралдаанд нийт 200 гаруй захидал иржээ. “Архангайн толь” сонин “Онцлох” захидлын эзнийг тодруулдаг. ЭБ сумын 4-р сургуулийн 6а ангийн сурагч Ж.Тэмүүжин энэ жилийн “Онцлох” захидлын эзнээр тодорчээ. Хүүхдийн насны ангилалд Лаборатори 1-р сургуулийн 12а ангийн сурагч Д.Ринчендоржийн ээждээ бичсэн захидал 1-р байранд орсон байна. Насанд хүрэгчдийн ангилалд ээждээ бичсэн захидлаараа Лаборатори1-р сургуулийн багш Ц.Цэрэнбалжид түрүүлсэн юм. Шалгарсан захидлыг “Архангайн толь” сониндоо нийтэлж, телевизийн нэвтрүүлэг болгон гаргах юм. Мөн бусад захидлуудыг ээжүүдэд нь дамжуулж өгөх ажээ Захидлын уралдааныг Б.Хүрэлхуяг захиралтай “Бага Рашаант” ХХК, С.Раднаа захиралтай “Хадат Хужирт” ХХК, П.Төмөрцэцэг тэргүүнтэй “Тэнгэрлэг ертөнц далд ухамсар” ТББ, “Ар тооромт” эмнэлэг, Б.Буян-Ундрах захиралтай “Амтлаг” бэйкэри, Мобиком корпорацийн Архангай салбарын хамт олон, Монцаме агентлагийн орон нутаг дахь сэтгүүлч Б.Гэрэлт-Од, “Миний Архангай” үндэсний тоглоомыг үүсгэгч Х.Батбаяр, Эрдэнэмандал сумын ИТХ-ын төлөөлөгч М.Батдорж, Цахир сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Баянмөнх нар ивээн тэтгэжээ.

Архангай аймагт хорио цээрийн дэглэм тогтоов

28661196_1882368675318914_3136742211039474101_n Архангай аймгийн Засаг даргын 3-р сарын 4-ний өдрийн 84 тоот захирамжаар Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 2018 оны 3-р сарын 3-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт малын шилжилт хөдөлгөөн хийх, малын мах бэлтгэх, малын гаралтай сүү, цагаан идээ, түүхий эд бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон байна. Захирамжаар голомтын бүсийг тогтоох, хорио цээрийн дэглэм сахиулах, эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан шуурхай бүлэг, Хотонт, Өгийнуур сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн дээрх сумуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал зөвлөгөөн, морины уралдаан зохион байгуулахыг хориглов.

Батцэнгэл сумын малчдыг төрийн дээд одон медалиар шагнав

28504501_1534437373345123_1153481044_o Архангай аймгийн Батцэнгэл суманд тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн шинийн 8-ны билэгт сайн өдөр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчдад төрийн дээд одон медалийг хүртээжээ. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус сумын Цац багийн малчин Самдангийн Досмоо, “Алтан гадас” одонгоор Цац багийн малчин Дүгэрсүрэнгийн Цэрэнчимэд, Бадамдоржийн Дашжамц, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол, тэмдгээр Дэл багийн малчин Пүрэвжавын Нэргүй нар шагнагдсаныг ЗГХЭГ-ын Референт Ч.Хүрэлчулуун, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр болон сумын удирдлагууд гардуулж өгчээ.

Малын “А” данс олдохгүй байгаа малчдын мал маллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгохоор болов

b599f65c3bae6e811f19c6122a88c211original Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Шүүхийн газартай санал солилцсоны үндсэн дээр малын “А” данс олдохгүй байгаа малчдын мал маллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгохоор боллоо. Малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтооход зарим сумдын малын “А” дансны бүртгэл устаж үгүй болсонтой холбоотойгоор хүндрэл бэрхшээл тулгарч байгааг сумын холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд шүүхийн шүүгч нартай санал солилцож нэгдсэн ойлголтод ийнхүү хүрчээ. Архангай аймагт энэ онд 2300 орчим малчин-даатгуулагч тэтгэвэрт гарахаар байгаа ч зарим сумын малчдын “А” данс олдохгүй байгаа ажээ.

Архангайд 40 мянга орчим мал хорогджээ

olloo_mn_1457684679_56d97b3943c366.50103404 Архангай аймгийн 19 сумаас 16 сум зудтай, 3 сум нь зудархуу нөхцөл байдалтай байгаа бөгөөд нийт 17.3 мянган малчин, мал бүхий өрхийн 5290,3 мянган толгой мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт малын 0.7 хувь нь буюу 39564 толгой мал хорогджээ. Төрлөөр нь харвал адуу 3328, тэмээ 4, үхэр 7777, хонь 14149, 14306 ямаа хорогдсон байна. Аймгийн Онцгой байдлын газрын мэдээлж байгаагаар “Сум бүрээс өдөр бүр мэдээ авч байна. Малын хорогдол өсөх хандлагатай байна” гэдгийг хэлж байна.

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Архангайд ажиллав

27537288_1391366117657684_1589023620_o Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор өвөлжилт хүндэрсэн аймгуудаар явах шуурхай бүлгүүдийг хөдөө орон нутагт томилсон. Шуурхайн бүлгүүд газар дээр нь нөхцөл байдлыг үзэж өвсийг үнэгүй, тэжээлийг хямдруулсан үнээр олгох, нөхцөл байдлыг үнэлэх, яаралтай шийдэх асуудлуудыг газар дээр нь шийдэх зорилготой ажилласан. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж, хөдөөгийн зарим сумдад ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан юм. Дараа нь аймгийн онцгой комиссыг хуралдуулж, аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Аймгийн онцгой комиссын зүгээс сумаас ирүүлсэн судалгаагаар өвс 2796 тонн, тэжээл 1020 тонн шаардлагатай гэсэн санал хүсэлт ирүүлсэн. Иймд өвсний хангалтыг нэмэгдүүлэх,Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ердийн тээврийн хэрэгсэл явж алслагдсан малчдад хүрэх боломжгүй байгаа тул зам гаргах техник, хөрөнгийг шийдвэрлэх, Онцгой байдлын газарт шуурхай албаны Уаз-фургон автомашин улсын нөөцөөс шийдвэрлэх,Цэнхэр, Ихтамир, Эрдэнэбулган сумдыг зудтай сумын үнэлгээнд оруулах, Булган аймгийн Рашаант сумтай хил залгаа Хашаат, Өгийнуур сумын малд Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах гэсэн 5 саналыг улсын онцгой комиссын шуурхай бүлэгт тавьсан. Синх: Шуурхай бүрэлдэхүүнийг ахалж явсан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амар 150 тн өвс, 150 тн тэжээлийг нэмж олгох, туулах чадвартай машин аймагт шийдвэрлэж өгөх тал дээр анхаарч ажиллахаа хэллээ. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тухайд нөөц вакцин байхгүйг хэлээд 2.15-нд Оросоос вакцин ирэхээр холбогдох матеирал албан бичгээ явуулаад авч болно гэдгийг хэлэв. Ингээд аймгийн онцгой комиссын хурлын дараа улсын нөөцөөс өгсөн өвс, тэжээлийг сумдад хүргүүлэхээр эхний Тариат, Чулуут, Өлзийт, Цэцэрлэг сумдын өвсны цуваа хөдөлсөн юм.

Архангайд гадны аймгаас 15 мянга гаруй мал өвөлжиж байна

22228596_1962458640663176_5598236180331942562_n Архангай аймагт 17,3 мянган малчин, мал бүхий өрхөд 5290,3 мянган толгой мал өвөлжиж байна. Энэ өвөл Архангай аймгийн Булган, Цахир, Хангай, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Хашаат сумдаас 102 өрхийн 44.5 мянган толгой мал Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Дархан аймгуудийн нутагт отроор өвөлжиж байна. Төв, Булган, Орхон, Баянхонгор аймгуудаас 27 өрхийн 15.3 мянган толгой мал Ихтамир, Хотонт, Батцэнгэл, Булган, Өлзийт сумдын нутагт оторлож байна. Аймаг дотроо Өлзийт, Өгийнуур, Жаргалант, Цэнхэр, Эрдэнэбулган, Тариат, Хашаат, Өндөр-Улаан, Хайрхан, Булган, Батцэнгэл, Чулуут сумдын 444 өрхийн 209.2 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт тус тус отроор өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар малын өвчлөл, хорогдол гараагүй байна.

“Элэгний эмгэггүй Архангай 1, 2” төслийн хүрээнд 346 иргэн бүрэн эдгэрчээ

content_photo

Хүн амын вируст гепатитын шалтгаант элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготой “Элэгний эмгэггүй Архангай” төслийг Архангай аймагт эхлүүлсэн. Өнөөдөр “Элэгний эмгэггүй Архангай 1, 2” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд нийт 4053 иргэн С вирустай гарч, эмнэлзүйн болон тоолох шинжилгээг хийжээ. Ингэхэд 2179 иргэн элэгний С вирусийн идэвхжилтэй гарчээ. Үүнээс 2165 иргэнийг эмийн эмчилгээнд хамруулснаас 1523 хүний эмчилгээ дууссан байна. Эмийн эмчилгээ дууссан хүмүүсийг баталгаажуулах шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн /01.09/ байдлаар 346 хүний С вирус устаж бүрэн эдгэрсэн байна. Мөн төслийн хүрээнд элэгний өмөнгийн 39 тохиолдлыг эрт үед нь илрүүлэн эмчилгээнд хамруулжээ.

”Цалинтай ээж” хөтөлбөрт 5000 гаруй ээж хамрагдахаар байна

750-1514870200GG5D6402_1176666492

Монгол Улсын Засгийн газраас энэ оны эхнээс ”Цалинтай ээж” хөтөлбөр, 0-18 насны олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд өгөх тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж зэргийг хэрэгжүүлж байгаа. Архангай аймгийн хэмжээнд ”Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах 5000 гаруй ээж байна гэсэн урьдчилсан дүн байна. Энэ сарын 10-ны байдлаар аймгийн хэмжээнд хөтөлбөрт хамрагдахаар 2176 ээж материалаа бүрдүүлж өгчээ.

Он гарсаар дээрх тэтгэмжүүдэд хамрагдахаар өрх толгойлсон эцэг, эх нийлсэн 37 иргэн, ихэр хүүхэдтэй 1 ээж тэтгэмжид хамрагдахаар тус тус бүртгүүлжээ.