Орон нутгийн чадавхжсан эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрхзүйн туслалцаа үзүүлнэ

45182246_2281064688796872_2745855558216056832_o Орон нутгийн эмэгтэйчүүдэд гэр бүлгийн хүчирхийллийн тухай эрхзүйн мэдлэг олгож, тэднээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд болон хүүхдэд туслах зорилготой төсөл Архангай аймаг, Нийслэлийн Сонгинохайран дүүрэгт хэрэгжиж эхэллээ. “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо” нэртэй дээрх төслийн хүрээнд сайн дурын 30 эрхзүйн хөтчийг бэлтгэх хоёр өдрийн сургалт өнөөдөр дуусч байна. Эдгээр хөтөч нар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч /даван туулагч/-ийн эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, дараагийн шатны байгууллагад холбон зуучлах, зөвлөгөө өгөх зэргээр эрхээ хамгаалахад нь туслах юм. Төсөл 2019 оны 7-р сар хүртэл нэг жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд төслийн дунд үед энэхүү төслийн үйл ажиллагааг цаашид хэрхэн тогтвортой авч явах, сумдад хэрхэн хүрч ажиллах, бэлтгэгдсэн эрхзүйн хөтөч нарын аюулгүй ажиллах байдлыг яаж хангаж ажиллах талаар орон нутгийн холбогдох удирдлагуудтай уулзалт зохион байгуулах юм. “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо” төслийг Нээлттэй нийгэм форум ивээн тэтгэж, “Хөөрхөн зүрх” ТББ, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран ажиллах юм.

Архангай аймгийн төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

laksffff Зөвлөгөөнд төрийн бүх байгууллагын дарга, захирал, эрхлэгч болон байгууллага доторх хэлтэс, албаны удирдлагуудын нийт 280 гаруй хүнийг хамруулж байна.

Тус зөвлөгөөнд ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга М.Зоригтбаатар, Төрийн албаны зөвлөлийн референт А.Амармэнд, Удирдлагын академийн багш Ё.Батсүх, С.Мөнхнаран нар оролцож байна. Зөвлөгөөний нээлтийн үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Бямбасүрэн “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа.

Б.Цэрэннадмид:   Хууль хэрэгжүүлэх  талаар чиглэл өгч, үр дүн шаардана

5ba0fcfed6493 Аймгийн төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Цэрэннадмидтай ярилцлаа. -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр 11-р сарын 02-нд аймгийн төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? - Архангай аймгийн хэмжээнд нийт 159 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж, төрийн албанд нийтдээ таван мянга гаруй хүн ажиллаж байна. Бүтцээр нь авч үзвэл төрийн үйлчилгээний буюу боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагад дөрвөн мянга гаруй албан хаагчид ажиллаж, төрийн захиргааны болон төрийн тусгай албанд бусад албан хаагчид ажиллаж байна. Аймгийнхаа төрийн бүх байгууллагын дарга, захирал, эрхлэгч болон байгууллага доторх хэлтэс, албаны удирдлагуудыг хамруулан нийтдээ 280 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өнгөрсөн 9-р сард төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, 2019.01.01-нээс хэрэгжиж эхлэх төрийн албаны шинэ хуулийн үзэл баримтлал, өөрчлөлтүүд болон түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлуудыг хангах, мөн төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах чиглэлээр гарсан албан даалгавар, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн. Үүний дагуу аймгийн ИТХ, ЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөл хамтраад зөвлөгөөнийг хийж байна. Зөвлөгөөнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын Академийн холбогдох албан тушаалтнууд оролцож мэдээлэл хийнэ. Мөн цаг үеийн ажлын явц, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцахаар хөтөлбөр төлөвлөгөө гаргасан. -Зөвлөөгөөнөөс ямар үр дүн хүлээж байна вэ? -Ер нь бол Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл нь төрийн албанд тэр дундаа байгууллага удирдаж байгаа хүний хувьд хамгийн чухал юм. Зөвлөгөөнөөр төрийн албаны шинэчлэл, шатлан дэвших систем, хөгжлийн бодлого, төлөвлөлт хүний нөөц, манлайлал зэрэг нэлээд олон сэдвээр ярилцаж мэдээлэл өгнө. Нэг ёсондоо хууль хэрэгжүүлэх  талаар чиглэл өгч, дараа нь үр дүн шаардана гэж ойлгож болно.   -Төрийн албаны тухай хуулийн онцлог нь юу байгаа вэ? Тэр дундаа удирдах албан тушаалд хамаарах өөрчлөлтүүд юу байна вэ? -Тэгэхлээр дан ганц удирдах албан тушаалтан төдийгүй нийт төрийн албан хаагчдад хамаарах томоохон өөрчлөлт бол шатлан дэвших буюу карьерийн системийг нэвтрүүлж байгаа явдал юм. Тухайлбал, яамны төрийн нарийн бичгийн дарга болохын тулд төрийн албанд 16-гаас доошгүй жил, түүнээс газрын даргаар 8 жил ажилласан байх. Газрын дарга болохын тулд төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс хэлтсийн даргаар 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардага тавигддаг болж байгаа. Ингэхээр төрийн албанд төрийн албаны ямарч мэдлэг, ажлын туршлагагүй хүн шууд дарга болдог асуудал байхгүй болно гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал бэхжиж, төрийн алба  улс төрөөс хараат бус болно гэж үзэж байгаа. Үүнд л  тус хуулийн шинэчлэл  чиглэгдсэн. Мөн ажлын байрны дүн шинжилгээ хийгдэнэ. Түүнийг дагаад цалин хөлсний шинэчлэл хийгдэхээр байгаа. -Төрийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлууд хэр хийгдэж байна. Ямар чиглэлд илүү анхаарч байгаа вэ ? -Аливаа хууль батлагддаг. Тэгэхдээ хамгийн гол нь тухайн хуулийг хэрэгжүүлэх журам гэдэг хамгийн чухал байдаг. Үүнээс  хуулийн хэрэгжилт ихээхэн хамаарна. Төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд түүнийг даган гарах 47 журам шинэчлэгдэх шаардлагатай  болж байгаа. Энэ журмууд УИХ-аар, Засгийн газраар ихэнх нь Төрийн Албаны Зөвлөлөөр орж батлагдана. Улсын хэмжээнд одоо ихэнх журмуудыг боловсруулах ажлын хэсэг томилогдоод журмынхаа төслийг боловсруулаад иргэд аж ахуй нэгж байгууллагуудаас холбогдох саналуудыг аваад явж байна. Мөн Улсын хэмжээнд төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг үнэлэх буюу аттестачлах ажил 11 сараас эхлэн хийгдэнэ. Үүнд төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын албан хаагчид хамрагдана. Үүнд манай албан хаагчид сайтар бэлдэх шаардлагатай. Бид аймгийнхаа хэмжээнд шинэ хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах болон сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал, төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх ажлыг эрчимжүүлж, 11-р сарын 15-ны өдөр төрийн албанд анх орох иргэний шалгалтыг зохион байгуулах гэж байна. Мөн 11 сарын сүүлээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Дашрамд хэлэхэд, төрийн албаны шалгалтад орохоор зорьж буй иргэд одоо хамрагдах боломжтой. Шинэ хууль хэрэгжээд эхлэхээр шалгалтын журам, хугацаа бас өөрчлөгдөөд явна. -Ярилцсанд баярлалаа.

Бөх цогцолборыг ашиглалтад авлаа

44988317_1095495950618301_4163803779373727744_o “Бөх” цогцолборыг 10-р сарын 26-ны өдөр ашиглалтад авлаа. Тус цогцолборыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Алтайн бумбат өргөө” ХХК барьж гүйцэтгэсэн юм. Цогцолборын хоймор хэсэгт төрийн соёмбо дор Архангай аймгийн харьяат Монгол Улсын Үндэсний бөхийн цол бүхий 129 бөхийн нэрийг дурджээ. Ирэх хавар усан оргилуур болоод хүүхэд, залуучуудын парк чиглэлээр хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ.

“Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд “Бүтээлч байгууллага”, “Бүтээлч багш”-ыг шалгаруулав

44536653_1083685638453296_2720200013455032320_o Архангай аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй “Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд “Бүтээлч байгууллага”, “Бүтээлч багш” шалгаруулах уралдааныг энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа. “Бүтээлч байгууллага” шалгаруулах уралдаанд 24 сургууль, 30 цэцэрлэг оролцож, сургууль, цэцэрлэг бүр өөрсдийн байгууллагын онцлогоо харуулж, багш, сурагчдын бүтээлүүдийг танилцуулсан юм. ЕБС-ийн “Бүтээлч байгууллага”-аар 1-р байранд Эрдэнэбулган сумын 1-р сургууль орсон бол сургуулийн өмнөх боловсролын тэргүүн байрын “Бүтээлч байгууллага”-аар Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолбор сургууль орж, сургууль, цэцэрлэг тус бүр 3 сая төгрөгөөр шагнууллаа. Дараагийн байруудад орсон сургууль, цэцэрлэгүүдэд 500,000-2,000,000 төгрөгийн мөнгөн шагнал олгов. Харин “Бүтээлч багш” шалгаруулах уралдаанд нийгмийн ухаан, байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан, бага боловсрол, сургуулийн өмнөх боловсрол гэсэн таван чиглэлд 19 сумын 62 байгууллагын 115 багш оролцсон юм. Уралдааны шалгаруулалтад судлагдахуун бүрийн багш нар хичээл зааж, бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан юм. “Бүтээлч багш” уралдааны таван төрөлд тэргүүн байр эзэлсэн таван багшийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх батламж, удаах байранд шалгарсан багш нарт сургалтын хэрэглэгдэхүүн гардууллаа. Мөн тусгай байранд орсон багш нарыг ОХУ-д аялах эрхийн бичгээр шагнасан юм.

Сумдын Ахмадын хороод тус бүрт хоёр сая төгрөгийг 2019 оноос эхлэн олгохоор шийдвэрлэв

1 Архангай аймагт 9000-аад ахмад настай иргэн байдгийн дотор 100-аас дээш настай 5 буурай эрүүл энх амьдардаг байна. Эдгээр ахмадын төлөөлөл, 19 сумын ахмадын хорооны дарга нарыг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид болон хэлтсийн удирдлагууд хүлээж авч уулзан, санал хүсэлт, хийсэн болон цаашид хийх ажлууд, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцлаа. Мөн ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 5 ахмад настанд 24  сарын хугацаатай 100 хувийн эргэн төлөгдөх 15,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгосон тухай мэдээллийг ч өглөө. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс 2019 онд сумдын ахмадын хорооны байгууллагууддаа тус бүр нь 2 сая төгрөгийг шийдэж, цаашид жил бүр төсөвт суулгаж байхаар амаллаа.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 100 ортой хүүхдийн цэцэрлэг баригдана

42845520_1071688966319630_1512925242450771968_o Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багт 100 ортой хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгыг барих шав тавих ёслол энэ сарын нэгний өдөр боллоо. Тус цэцэрлэг нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 6 сая 900 мянган юаны хөрөнгө оруулалтаар баригдах юм. Барилгын ажлыг БНХАУ-ын төрийн өмчит компани болох Gezhouba групп барих бөгөөд энэ ондоо барилгын суурийн ажлыг хийх юм. Цэцэрлэгийг 2020 оны 3-р сард ашиглалтад оруулах ажээ. Эрдэнэбулган сумын 7-р багт 100 ортой нэг цэцэрлэг үйл ажиллагаа бөгөөд одоогийн байдлаар ачаалал ихэсч зургаан бүлгийн 207 хүүхэд хамрагдаж байгаа юм. Шинэ цэцэрлэг ашиглатад орвол дээрх цэцэрлэгийн ачаалал багасч, хүүхэд нэг бүрт хүрч үйлчлэх боловсролын чанар дээшилнэ гэж харж байгаа юм. Шинэ цэцэрлэгийг шав тавихад аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа, БСУГ-ын дарга Ц.Мөнхбат, ГХБХБГ-ын дарга Н.Мөнхбаяр, Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын төлөөлөгч Сэн Вэй, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны нарийн бичгийн дарга н.Цэнгэл, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 3-р ээлжийн төслийн менежментийн компанийн Монгол дахь төлөөлөгч Ли Жин Ли нар оролцлоо.

Архангайн “Хүүхдийн урлаг, спортын наадам” эхэллээ

42661543_1078001215701108_8689726009638912000_o
Архангай аймагт хэрэгжиж буй “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн урлаг, спортын наадам”-ыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд Цэцэрлэг хотод зохион байгуулж байна. Тус наадам нь хүүхэд, өсвөр үеийнхний авъяас чадварыг илрүүлэх, хөгжүүлэх, амжилтыг ахиулах, урлаг, спортоор дамжуулан гоо зүй, бие бялдраа хөгжүүлэх мэдлэг олгох, өсөх ирээдүйтэй тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.
 
“Хүүхдийн урлаг, спортын наадам”-д 19 сумын ЕБС, цэцэрлэгийн 2-18 настай 3000 орчим хүүхдүүд урлагийн 7 төрөл, спортын 5 төрөлд өрсөлдөнө.
 
Тус арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн удирдлагууд зургаан сургуулийн “Багш хөгжлийн танхим”-д 4 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг, сургууль, цэцэрлэг бүрийн “Ёс заншлын танхим”-д монгол тоглоомын багцыг бэлэглэв.

Аймгийн Засаг дарга сумдад баригдаж буй бүтээн байгуулалтын явцтай танилцав

42743595_1069913749830485_6622658808143413248_o Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар ахлуулсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, ХХААГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 24-27 өдрүүдэд Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат сумдад ажиллаж, дээрх сумдад хийгдэж буй бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Хашаат, Өлзийт сумдын 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын явц 20 гаруй хувьтай байгаа бөгөөд барилгын суурийг цутгаж, 1-р давхрын баганын хэвийг хийж байна. Энэ ондоо багтаж карказаа цутгана гэж байна. Хайрхан сумын сургуулийн дотуур байрны их засвар ажил бүрэн дуусч, ашиглалтад авчээ. Мөн Өгийнуур, Өлзийт сумдын сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн ажлын явц бүрэн дууссан байна. Эрдэнэмандал сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхлээд суурийг цутгасан ба ажлын явц 20 хувьтай байгаа юм. Аймгийн Засаг даргыг Тариат суманд ажиллах үеэр Халзанбүргэдэйгээс Мөрөн баг орох гол зам болох Дасгалын 5,7 км сайжруулсан шороон замыг хүлээн авсан юм.

Пара хөнгөн атлетикийн тамирчин Г.Самбууданзанд 500,000 төгрөгийн урамшуулал олгов

42455088_1075975825903647_7135417223987855360_n Ангилалаараа олимп, Азийн тэмцээнүүдийн дараа ордог “Бэйжин Гранпри” пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс Архангай аймгийн пара хөнгөн атлетикийн тамирчин Г.Самбууданзан оролцож, бөөрөнцөг шидэлтийн төрөлд 8,97 м шидэж алтан медаль, зээрэнцэг шидэлтийн төрөлд 29,71 м шидэж мөнгөн медаль тус тус хүртэж, ирэх 10-р сарын 6-13-нд Индонез улсын Чикарда хотод болох пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах Азийн тэмцээнд бөөрөнцөг шидэлтийн төрөлд оролцох эрхээ гурав дахь удаагаа авчээ. Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан тамирчин Г.Самбууданзанд “Олон улс, тив дэлхийн зэрэглэлийн тэмцээн, олимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид урамшуулал олгох журам”-ын дагуу 500,000 төгрөгийн урамшууллыг олгож, Азийн тэмцээнд нь амжилт хүсэв.