“ТОРГОНЫ ЗАМ БА НҮҮДЭЛЧИД” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

37377542_1016469278520969_7478135359142887424_n “Оюунлаг Архангайнхан” эрдэм-шашин, соёл урлагийн арга хэмжээний нэг болох “Торгоны зам ба Нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өглөө 09.00 цагт “Майдар сан”-гийн жуулчны баазад эхэллээ. “Торгоны зам” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Тус хуралд 12 орны 40 гаруй эрдэмтэд оролцож байна. “Торгоны зам” нь манай тооллын өмнөх 115 оноос XIII зууныг хүртэл хамгийн чухал худалдаа арилжааны зам байсан бөгөөд уг замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй. Харин бүхэл бүтэн соёл, шинжлэх ухаан, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү чиглэн “зорчиж” байсан нь дэлхийн болон Монголын түүхнээ бичигдсэн байдаг. Дээрх эрдэмтэд, судлаачид нүүдэлчдийн уламжлал, түүх, соёл, зан заншлыг өнөөгийн өндөрлөгөөс дүгнэн хэлэлцэж, орон нутгийн хөгжил, бодлогод үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлсэн үгэндээ онцоллоо.

ТӨРИЙН ДЭЭД ОДО МЕДАЛИАР 80 ГАРУЙ ХҮН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

37317009_1016681745166389_1453437639003734016_n Аймгийн баяр наадмын босгон дээр Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2018 оны 07-р сарын 06-ны өдрийн зарлигаар Архангай аймгийн 84 иргэн төрийн дээд одон медалиар шагнуулсныг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан нар гардууллаа. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Г.Бямбасүрэн, Д.Гэндарам, Ч.Цэрэндолгор, Ө.Доржхуяг, Н.Жамган, Н.Мягмаржав нарын 6 өндөр настан, цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор өндөр настан О.Норовдондов нарыг шагналаа. Харин алтан гадас одонгоор 47,  хөдөлмөрийн хүндэт медалиар 30 хүн шагнуулав. Дээрх зарлигт “Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнасугай” гэжээ.

ДЭЛ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛОВ

35648718_1658287217626804_4331300516005937152_n Энэ сарын 19-ны өдөр Дэл багийн иргэдийн нийтийн хурал болж өрх бүрийн төлөөлөл болж ирсэн 60 орчим иргэн оролцлоо. Хуралд Засаг Даргын Тамгын газрын дарга Ш.Нэргүйбаатар, Улсын бүртгэгч Ч.Нансалмаа, Татвар хураагч Д.Батбаатар, Газрын даамал Б.Итгэлмаа, Хэвлэл мэдээлэл, соёл, спорт хариуцсан ажилтан Н.Базардэрэг, Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэн Н.Цэцэглэн, Нийгмийн даатгалын байцаагч С.Хажидмаа нар оролцон сум орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажил, ажил үүргийн чиглэлийн дагуу иргэдэд мэдээлэл хийн сонирхсон асуултанд нь хариулт өглөө. Хурлаар өвөлжөө, хаваржааны газар шинээр эзэмшихээр ирүүлсэн иргэдийн өргөдөл, өвөлжөө, хаваржааны байрны маргаан, багийн шинэ төвийн нээлт, өдөрлөг наадам зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Архангайн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 400 сая төгрөгийг шийдэж өгөв

33147949_971049136396317_1322008513009942528_n УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва энэ сарын 20-нд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг танилцуулахын зэрэгцээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж, үйл ажиллагаатай танилцлаа. Уг хөтөлбөр нь 1 тэрбум төгрөгийн санхүүжилттай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж дээр ажиллаж, хөдөлмөрийн зах зээл дээр чадвартай боловсон хүчин болж гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж авахад зориулж 400 сая төгрөгийг гишүүн Д.Тэрбишдагва шийдэж өглөө.Архангай аймаг дахь МСҮТөв нь анх 1942 онд Биофабрик нэрээр байгуулагдаж, 1944-1956 онд Мал эмнэлгийн техникум улмаар Зоо мал, ХАА-н техникум болон өргөжиж 1991 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон байна. Тоног төхөөрөмжийн тухайд хуучны тоног төхөөрөмж ихтэйг МСҮТ-ийн захирал Д.Тунгалаг хэлж байсан.   УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагватай хамт БНСУ-ын Мэргэжлийн ур чадварын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Чой Чан Мүг, Мёнжан мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Ким Тае Ин нар хамт ирж, суралцагчдыг БНСУ руу солилцоонд явуулах боломж нөхцөл ямар байгаа талаар судалж ирсэн байна.   Төрийн бодлогоор мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж улмаар аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад илгээн дадлагажуулж дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг хангаж, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачилсан байна.“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн  зорилго нь 2030 он хүртэл монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэшсэн ажиллах хүчин, мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг олноор бий болгох аж.

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Архангайд болно

  32116598_963574150477149_2137915075044835328_n Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймагт болно. Энэ нь шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн орон нутагт 10 дахь удаагаа, Архангай аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм байна. Энэ жилийн тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор “Эртний хаадын өлгий-Арын сайхан Хангай” нэртэйгээр Монголын шатрын холбоо аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ-тай хамтран зохион байгуулна. Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан шилдэг эрэгтэй 12, эмэгтэй 12 шатарчин оролцох юм. Үүнээс эрэгтэй 2, эмэгтэй 2 шатарчин нь Архангайн аймгийн харьяат, гавьяат тамирчид байгаа ажээ. Тэмцээний үеэр Архангайд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн Биеийн тамир спортын газарт хөлөгт тоглоомын танхимын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж байна. Мөн тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд Эрдэнэбулган, Тариат, Цэнхэр, Батцэнгэл сумдын багш нарт шатрын сургалтыг явуулах гэнэ. Энэ удаагийн тэмцээн нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Ирээдүй 1+1” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог ажээ.

“ХАНГАЙН БҮСИЙН МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ”-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИВ.

31492115_960050467496184_8952397764157468807_n

Архангай аймгийн Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас энэ сарын 28-нд “Хангайн бүсийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв”-ийн шинэ барилгын шавыг БОАЖГ-ын хойд талд тавилаа. Шав тавих ёслолд аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, ХНБЦГХЗ-ны дарга Г.Ганболд, “Гурван тамир” ХХК-ий захирал Ж.Нэргүй болон ОЧГСГЗахиргааны хамт олон, барилгын ажилчид оролцлоо.

Тус барилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Герман улсын буцалтгүй тусламжаар “Монгол улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээг бэхжүүлэх” төслийн хүрээнд барьж байгаа бөгөөд ирэх 8 дугаар сард ашиглалтад орно.

Энэхүү барилга ашиглалтад орсноор 5 аймгийн улсын тусгай хамгаалалттай 7 газрын байгаль хамгаалагч, мэргэжилтэн, улсын байцаагч нарыг чадавхижуулах мөн байгаль орчны салбарын 5 байгууллага, эко бүлгийн гишүүд, сурагчдыг сургалт мэдээллээр хангах зэрэг олон ажлууд зохиогдох юм. Барилга нь 700 сая төгрөгийн өртөг бүхий 2 давхар барилга юм. Архангай аймгийн “Гурван тамир” ХХК гүйцэтгэгчээр шалгарчээ.

Төрийн албаны шалгалтанд Нийслэл болон өөр аймгуудаас ирсэн иргэдийг бүртгэхгүй.

Төрийн албаны Салбар зөвлөл төрийн захиргааны удирдах болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн сонгон шалгаруулалтыг тухайн засаг захиргааны нутаг дэвсгэртээ зохион байгуулдаг. Нээлттэй сонгон шалгаруулалт нь аймаг, орон нутаг дахь сул ажлын байрыг нөхөх, тухайн нутагтаа амьдардаг, эсвэл тухайн аймаг суманд амьдарч хөдөлмөрлөх иргэдийг ажлын байраар хангах, төрийн албаны шалгалтад хамруулах  зорилготой.

            Төрийн албаны сонгон шалгаруулалтын зорилго нь нөөц бүрдүүлэх биш юм.

Иймээс нөөцөд бүртгүүлэхээр нийслэл болон өөр аймгуудаас ирсэн иргэнийг шалгалтад оруулахгүйг анхааруулж байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Сумдын Засаг дарга нартай видео хурал хийв

28943431_933061246861773_919634778_o Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан аймгийн 19 сумын Засаг дарга нартай видео хурал хийлээ. Энэхүү хурлыг аймгийн Хотонт, Өгийнуур сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хийсэн. Мөн сумдын удирдлагуудаас шүлхий өвчин гарсантай холбоотойгоор авч ажиллаж байгаа ажил арга хэмжээний талаар сонслоо. Аймгийн Засаг даргын зүгээс сумдын удирдлагуудад ялангуяа шүлхий өвчний шинж тэмдэггүй сумуудад малчдад энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх зөв мэдээлэл түгээх ажлыг хэрэгжүүлж, шуурхай ажиллахыг, 4 дүгээр сарын 1-нээс өмнө машин зам дагуух үхсэн малын сэг зэмийг нөөц боломжоо ашиглан устгахыг тус тус чиглэл болголоо. Мөн 5 дугаар сар гартал аль ч суманд ямар ч хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон юм. Малын гоц халдварт шүлхийн өвчин гарсан Хотонт, Өгийнуур сумуудтай хил залгаа Хашаат, Хайрхан, Төвшрүүлэх сумууд хязгаарлалтын дэглэмийг тогтоож хүн, техникийн хөдөлгөөнийг хянаж, малчдадаа шүлхий өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл түгээж байгаа ажээ. Энэ ажилтай холбоотойгоор зардал гарч байгааг, Цагдаагийн байгууллагаас хүн шаардлагатай байгаа зэргийг аймгийн Засаг даргад уламжилж шийдэж өгөхийг хүслээ. Засаг даргын зүгээс бензин шатахууны дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн дээрх сумуудад Цагдаагийн байгууллагаас хүн явуулж болно гэдгийг хэлээд видео хурлыг өндөрлөв.  

Өнөөдрийн байдлаар 10 өрхийн 100 гаруй үхэрт шүлхий өвчний шинж илэрчээ

268755203ad9616791af56c99b0b7bd9 Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай багийн малчин Батжаргалын 16 үхэрт энэ сарын 1-ний өдөр гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Газар дээр нь малын эмч ажиллаж үхрүүдээс дээж авч 3-р сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Улсын мал эмнэлгийн төв лабораторит дээжийг явуулсан бөгөөд 3-р сарын 3-ны өдөр дээж малын гоц халдварт шүлхий өвчин мөн болох нь баталгаажиж иржээ. Малчин Батжаргалынхаас 7 км-ийн зайд байх Өгийнуур сумын Дойт багийн малчныд мөн шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн нь баталгаажжээ. Өнөөдрийн /03.05/ байдлаар Хотонт сумын Бургалдай багийн голомтод 6 өрхийн 54 үхэр, 1 ямаанд гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Мөн Өгийнуур сумын Дойт багийн 4 малчин өрхийн 60-аад үхэрт шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээг аймгийн ОБГ-т ирүүлжээ. Дээрх хоёр суманд 3-р сарын 3-ны өдрөөс хорио цээрийн дэглэмийг тогтоосон бөгөөд шүлхий өвчнөөр халдварласан малыг өнөөдрөөс эхлэн устгах юм байна. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтыг шүлхийн шинж тэмдэг илэрсэн малчны хотоос 5 км-ийн тойрогт тогтоосон бөгөөд голомтыг тойруулж хяналтын болон ариутгалын цэгийн постыг Хотонт сумаас 6, Өгийнуур сумаас 2-ыг гарган ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэмийн сахиулан ажиллаж байна. Хотонт сум шүлхийн өвчин гарсантай холбоотойгоор баруун аймгуудад зорчих тээврийн хэрэгслийг зогсоохгүй шууд явуулах зорилгоор ШТС-ын үйл ажиллагааг зогсоосон байна.

Батцэнгэл суманд цолгүй залуу бөхчүүдийн үндэсний бөхийн тойргийн барилдаан болжээ

28641659_1534444143344446_1937604252_o Батцэнгэл суманд XVII жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн 7-ны өдөр өсвөрийн болон цолгүй залуу бөхчүүдийн үндэсний бөхийн тойргийн барилдаан, шинийн 8-нд аймаг, сумын цолтой 48 бөхийн барилдаан тус тус болж өндөрлөв. Хөнөг багийн уугуул, бизнесмен П.Амартүвшингийн ивээн тэтгэсэн 19 хүртлэх насны өсвөрийн бөхчүүдийн барилдааны тэргүүн байрыг Өлзийт сумын харьяат залуу бөх Д.Эрдэнэчулуун авсан бол удаах байруудад Батцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч А.Мөнхдорж, Г.Дашлхүмбэ нар тус тус шалгарсан байна. Баян-Уул багийн малчин, Алтан унаганы эзэн Батбаярын Энхтөрийн ивээн тэтгэсэн цолгүй залуу бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаанд Батцэнгэл сумын Хөнөг багийн харьяат залуу бөх М.Буянхишиг түрүүлсэн бол хоёрдугаар байрыг Дайр бор багийн харьяат залуу бөх Э.Түмэндэмбэрэл, гуравдугаар байранд Цац багийн харьяат залуу бөх О.Бат-Эрдэнэ оржээ. Дэл багийн харьяат, аймгийн сайн малчин, алтан тугалын эзэн Лхагвасүрэнгийн Отгонбаярын ивээн тэтгэсэн шинийн 8-ны өдрийн аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдааны тэргүүн байранд Төвшрүүлэх сумын харьяат сумын заан н.Лхагвасүрэн орсон бол дэд байранд Эрдэнэбулган сумын харьяат аймгийн начин н.Ганбаатар, гутгаар байранд Батцэнгэл сумын харьяат, аймгийн начин Х.Дарханбаатар нар тус тус орсон байна.