Hacklink #nobmec#kamagra jelhd film izleizmir escort Архангай аймаг

В.Баасанжаргал: Ариутгах халдваргүйжүүлэх уусмалын үнэ нэмэгдээгүй ч нөөц бага байна.


Нийтэлсэн: 2020-02-12 14:26:07

В.Баасанжаргал: Ариутгах халдваргүйжүүлэх уусмалын үнэ нэмэгдээгүй ч нөөц бага байна.

Аймгийн Засаг даргын “Шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ямар ажил хийж буй талаар тус газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч В.Баасанжаргалтай ярилцлаа.

-Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын хүрээнд танай байгууллага ямар ажил, арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, МХЕГ-ын даргын 01/01 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын А/22, А/23 дугаар захирамж, 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахаар хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнээс дурдвал, аймгийн МХГ-ын дотоод бэлэн байдлыг хангах чиглэлээр шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах 19 заалт бүхий төлөвлөгөө гаргаж, улсын байцаагч, ажилтнуудын үүрэг чиглэлийг тодорхойлон ажиллаж байна. Байгууллагад “Тусгаарлах өрөө” гаргаж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодис, гар халдваргүйжүүлэх санитол, спирт болон шаардлагатай бусад хэрэгслийн нөөцийг бүрдүүллээ. Мөн шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаал, “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-аар улсын байцаагч нарт аймгийн Зоонозын өвчин судлалын газартай хамтран сургалт зохион байгуулсан.

Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн байцаагч нар аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, халдвартын тасаг, өрхийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” албан даалгаврын хэрэгжилтийг шалгаж, Нэгдсэн эмнэлэгт улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Боловсрол, соёлын байгууллагуудын тухайд аймгийн хэмжээнд өмчийн хэлбэр харгалзахгүй 24 ерөнхий боловсролын сургууль, 33 хүүхдийн цэцэрлэг мөн өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээ, төрөл бүрийн дугуйлан секц, уралдаан тэмцээн, давтлага, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахгүй талаар мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байна. Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа газар байхгүй байна.

-Худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Зөвхөн худалдаа, үйлчилгээ гэлтгүй сүм хийд, банк санхүү, нийтийн тээврийн хэрэгсэл болон үйлчилгээний байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулан ариун цэврийг сахих, үйлчилгээний ажилтнууд амны хаалт зүүж, гараа тогтмол угааж халдваргүйжүүлэх зөвлөмжийг хүргэлээ. Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тухайд Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа 178 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зургаан төрлийн 705 ширхэг зөвлөмжийг тараагаад байна. Шалгалтаар тус газрууд нь хог хаягдлын цэгтэй, хогийг Хот тохижилт үйлчилгээний газартай хийсэн гэрээний дагуу зайлуулдаг, гадны орчны 50 м хүртэлх газрын хог хаягдал, цас мөсийг цэвэрлэсэн сайн тал байгаа боловч  үйлчилгээний байгууллагуудын 40 хувь нь үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй байсан. Иймд цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах, гар угаах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өгсөн байгаа.

-Эмийн сангуудын маскны үнийн асуудал, хүрэлцээ хангамж иргэдийн дунд бухимдал үүсгээд байна. Энэ асуудал дээр танайх хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Дээрх асуудалд Тагнуулын газартай хамтран Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа 18 эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт шалгалт хийсэн. Ингэхэд вирусийн эсрэг эм, өргөн хүрээний антибиотик, дархлаа дэмжих бэлдмэлийн нөөц хүртээмж хангалттай, үнэ нэмэгдээгүй, гар ариутгах халдваргүйжүүлэх уусмалын хувьд үнэ нэмэгдээгүй ч нөөц бага байна. Амны хаалтны үнийн өсөлт, нийлүүлэгч байгууллага үнээ 1.5-2 дахин нэмсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байсан. Энэ үнийн өсөлтөд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар хяналт тавьдаг.

Манай байгууллагаас эм хангамжийн байгууллагуудад вирусийн эсрэг эм, амны хаалт, спирт, гар ариутгах уусмалын нөөцийг бүрдүүлэн, үнийг нэмэхгүйгээр иргэдэд үйлчлэх уриалгыг гаргасан байгаа.

-Бас хувиараа бизнес эрхлэгчдэд БНХАУ-ын хилээр зорчихгүй байх зэрэг чиглэлээр ЭМГ-аас мэдэгдэл хүргүүлсэн. Энэ ажилд танайх хэрхэн хяналт тавих уу?

-Манай байгууллагын зүгээс иргэдийг өвчин гарсан бүс нутагт зорчихгүй байхыг сануулж, зөвлөмж сэрэмжлүүлэг өгч байна. Иргэдийн гадаад оронд зорчих асуудалд аймгийн МХГ хяналт тавих боломжгүй.

-Цаашид иргэддээ ямар зөвлөмж өгөх вэ?

-Шинэ Коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаа энэ үед хэдийгээр манай оронд уг халдварын тохиолдол илрээгүй ч сонор сэрэмжээ алдалгүй, өвчин гарсан бүс нутагт зорчилгүй, урьдчилан сэргийлэх талаар Мэргэжлийн хяналтын болон Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлэг, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм, хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал байна. Онцын шаардлагагүй бол бага насны хүүхдийг гадуур олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хүүхдүүдээ гадуур сэлгүүцүүлэлгүй, хараа хяналттай байлгах хэрэгтэй.

БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу /H5N1/ гарсан. Мөн удахгүй цагаан сар болохтой холбогдуулан худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, хадгалах нөхцөлийг хаяг шошгон дээрээс сайтар шалгаж авахыг иргэддээ сануулж, уриалж байна. Эцэст нь хэлэхэд иргэн таны гэр бүл, үр хүүхэд эрүүл, аюулгүй байх нь гагцхүү танаас шалтгаална шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.   

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com